Байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлын тайланг сонслоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-ний өдөр хуралдсан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын XV хуралдаанаар Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний 2016-2018 оны зардлын тайланг сонсож хэлэлцлээ.
Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Түвшинтөгсийн мэдээлэлд тус аймаг нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос 2016-2018 онд 91 ажил, арга хэмжээнд 1.8 тэрбум төгрөг зарцуулан ажилласан ажээ.
Тодруулбал 2016 онд 350 сая төгрөг, 2017 онд 710 сая төгрөг, 2018 онд 782 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. Тухайлбал усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 6 ажил, арга хэмжээнд 125 сая төгрөгийг зарцуулж, эдгээр ажлын хүрээнд Баруунбүрэн, Зүүнбүрэн, Алтанбулаг, Ерөө, Мандал, Орхон, Орхонтуул, Хушаат, Шаамар зэрэг суманд 10 булаг тохижуулан хашиж, урсацыг нэмэгдүүлсэн байна.
Уг ажлыг гүйцэтгэснээр хүн, малын хөлд талхлагдаж буй булаг шандын эхийг хамгаалж, урсац нэмэгдсэн үр дүн гарчээ. Мөн гадаргын усны тооллогыг Сэлэнгэ аймгийн хэмжээнд явуулахад 618 гол, 248 булаг, шанд, 49 нуур, нэг хөв цөөрөм, 27 рашаан тоологдсон аж. Мөн Ерөө сумын Бугант тосгоны ундны усны нөөцийн савыг 64 сая төгрөгийн өртгөөр шинэчилсэн нь 40 жилийн дараа хийж буй томоохон ажил болжээ. Үүний үр дүнд Бугант тосгоны иргэд цэвэр усаар хангагдах боломж бүрдсэн байна.
Түүнчлэн ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх ажлын хүрээнд нийт 547 га талбайд ойжуулалтын ажил, 25 га талбайд ойн зурвас байгуулан, Ерөө, Мандал зэрэг сумын ойн санд ой зохион байгуулалтын ажлыг хийжээ. Мөн 33 мянган га талбайд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг хийж мод үржүүлгийн 8 газрыг байгуулсан аж. Биологийн төрөл зүйлийг хамгаалах ажлын хүрээнд 36 сая төгрөгийн өртгөөр байгалийн ургамлын судалгааг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлжээ.
Энэхүү судалгаагаар Сэлэнгэ аймгийн уулын ойн бүслүүрийн ургамалжилтын 63 овогт хамаарах 258 төрлийн 611 зүйл, уулын хээрийн бүслүүр, хээрийн бүс, нугын хээр ба татмын нугад 78 овгийн 304 төрөлд хамаарах 605 зүйлийг бүртгэжээ. Мөн ан амьтны нөөцийг хамгаалах биотехникийн хүрээнд нийт 19 сая төгрөгийг зацуулан өвс, хужир марааг тавьсан аж. Түүнчлэн ой хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд 7.6 сая төгрөг зарцуулж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмолжуулан хийснээр ой хээрийн түймрийн тоо буурсан байна.
Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах чиглэлээр бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж, цэвэр орчин бүрдүүлэн, хог хаягдлыг дахин ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах ажлыг нэг сая гаруй төгрөгөөр гүйцэтгэжээ. Түүнчлэн Сүхбаатар, Мандал сумын агаарын бохирдолыг бууруулах ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулан хэрэгжүүлж байна. Энэхүү Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар гүйцэтгэх ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Засгийн газрын тогтоолыг баримтлан ажиллажээ.