Сумын сургууль цэцэрлэгийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулахад иргэн бүр оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тэлмэн, Идэр сумын иргэдэд “Ус ариун цэврийн байгууламж”-ийн талаарх сургалтыг зохион байгуулж 150 гаруй иргэн оролцжээ.
Сургалтыг хөдөөгийн сумдын цэцэрлэг, сургуулийн орчин дахь ус ариун цэврийн
байгууламжийг сайжруулах, иргэдийн ил задгай бие засах байгаль орчинд ээлтэй
жишиг жорлон барьж байгуулах, тогтвортой хөгжлийн боловсролыг олгох зорилгоор
аймгийн БСУГ-аас зохион байгуулсан байна. Энэ үеэр ариун цэврийн байгууламжийн
эрүүл ахуй, тогтвортой хөгжлийн боловсрол гэж чухам юу болох, усны зөв
хэрэглээ, ач холбогдол эрүүл, ахуй, сургуулийн ус ариун цэврийн байгууламжийн
зүй зохистой соёлтой хэрэглээнд суралцах гэхчлэн олон талын сэдвийн хүрээнд үр
дүнтэй сургалтыг зохион байгуулжээ.
Мөн үеэр гарын ариун цэврийг иргэн бүр
хэрхэн хэвшүүлэх, зөв дадалтай болгох, жорлонгоо өөрчлөх нь хэнд юунд тустай болох,
хөрсний бохирдол ариун цэврийн шаардлага хангаагүй жорлонгийн хор нөлөөний
талаарх мэдээллийг зохион байгуулагчид өгчээ.
Сургалтад оролцсоноор иргэд гараа
угаах аргуудтай танилцаж, гарын ариун цэврийг сахиснаар өөрийгөө эрсдэлээс
хэрхэн хамгаалах талаарх ойлголттой болсон. Мөн стандартад нийцсэн ариун
цэврийн байгууламжтай болох аргачлалыг сурч авлаа. Нүхэн жорлонгийн ариутгал
ариун цэврийн талаарх ойлголттой болов. Цаашид цэцэрлэг, сургуулийн ариун
цэврийн байгууламжаа сайжруулах арга замыг эзэмшиж дээрх хоёр сумын цэцэрлэг,
сургуулиуд ирэх намар сургалтаас сурсан зүйлээ ажил хэрэг болгохоор боллоо. Тэлмэн,
Идэр суманд барих жишиг ариун цэврийн байгууламжийн талаарх мэдээллийг, орчны
эрүүл ахуй ариун цэврийн тухай зөв ойлголтыг цогцоор нь авсан хэмээн аймгийн
БСУГ-аас мэдээлэв.
Сумынхаа хэмжээнд жишиг жорлонтой
болохоор болов
“Ус ариун
цэврийн байгууламж”-ийн талаарх сургалтад оролцогчид сургалтын үеэр маш
идэвхтэй оролцож байсан нь тэдний амьдралд зайлшгүй шаардлагатай хэрэгцээнд нь
нийцсэн сэдвүүдээр мэдээлэл өгсөн явдал байв.
Түүнчлэн
иргэд жорлонд зөв зохистой үйлчлүүлэх аргад мөн суралцжээ. Сургууль, цэцэрлэгийн
орчинд хүүхдүүдээ эрүүл, зөв дадалтай болгох нь хамгийн чухал юм. Түүнчлэн
хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд манай аймаг бодлогоор дээрх орчны
ус ариун цэврийн байгууламжийг сайжруулахаар ажиллаж байгаа. Тиймээс сургуулийн
ус ариун цэврийн байгууламжийн зүй зохистой хэрэглээ, зөв хандлагыг иргэдэд төлөвшүүлэх
нь зүйтэй юм. Мөн сургалтын хүрээнд усыг зүй зохистой зөв хэрэглэж сурах, хүний
биед усны ач холбогдлын талаарх зөв ойлголттой боллоо хэмээн сургалтад
оролцогчид хэлж байна.
Сургуулийн бие засах өрөөг анги хамт олноороо зөв зохистой соёлтой үйлчлүүлэх талаар уриалга гарган ажиллах арга зүйг сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагууд маань эзэмшлээ. Үргэлжлүүлээд хүүхдүүддээ зааж сургах, үлгэрлэх, уриалах, ажил хэрэг болгох л үлдэж байна.
Сургалтыг зохион байгуулагчдаас Тэлмэн, Идэр сумын иргэд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарт ус ариун цэврийн байгууламж эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааны ажлыг үргэлжлүүлэн дунд, ахлах ангийн сурагчдад зохион байгуулж явуулахыг хүсэж байна. Сургалтын үр дүнд орчны тохижилтод мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, ус ариун цэврийн байгууламжийн талаарх хичээлийг заах сургагч багшийг бэлтгэх, нийтээрээ, сумаараа жишиг жорлонтой болох, нүхэн жорлонгоо ариутгах ажлыг сумын хэмжээнд зохион байгуулахаар боллоо.
Тэлмэн, Идэр суманд барих нийтийн жишиг жорлонд
зөв боловсон бие засах талаарх уриалгыг гаргаж, сургалт маш үр дүнтэй
боллоо хэмээн аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Б.Уртнасан тус тус мэдээлэв.