АНУ, Өмнөд Солонгос, Японы удирдагчид уулзлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /NHK/. Аюулгүй байдал, батлан хамгаалахын гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэлэлцээг зохион байгуулахаар АНУ, Өмнөд Солонгосын тэргүүн нартай тохиролцлоо гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдэв. Энэ нь олон улсын тулгамдсан асуудлууд, тухайлбал, Умард Солонгосын цөм болон пуужингийн заналхийллийг зохицуулах зорилготой юм гэж тэрбээр мэдэгджээ.
Абэ өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй Вашингтон хотноо уулзжээ. Тэд цаг орчим хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэлийн бага хурал хийжээ.
Умард Солонгос цөм болон пуужингийн технологио сайжруулж байгаа нь гурван орон цаашлаад олон улсын хамтын нийгэмлэгт заналхийлэл болж байна гэж Абэ мэдэгджээ. Мөн тэрбээр, гурван орны аюулгүй байдал, батлан хамгаалахын хамтын ажиллагааг бэхжүүлэх даалгаврыг гадаад харилцаа, батлан хамгаалах салбарын албаны хүмүүст өгөхөөр талууд тохиролцсон гэж мэдэгдсэн байна.
Харин Обама, Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдалд болон Умард Солонгосын цөмийн зэвсэг дэлгэрүүлэх ажиллагаанаас урьдчилан сэргийлэхэд гурван орны аюулгүй байдлын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглээд, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох замаар тогтвортой байдлыг сэргээж, бүс нутагт энх тайван тогтоох зорилготой байгаагаа илэрхийлжээ.
"Умард Солонгос цаашид ч өдөөн хатгалга хийж болзошгүй байгаа бөгөөд тус улсад олон улсын хамтын нийгэмлэг шахалт үзүүлсээр байх болно. Умард Солонгосын өдөөн хатгасан үйл ажиллагааг олон улс хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Өдөөн хатгах үйл ажиллагаа нь Умард Солонгосыг улам бүр тусгаарлаж, нэмж хориг арга хэмжээ авахад хүргэж байгааг тус улс ухаарах хэрэгтэй гэж Пак Гын Хэ мэдэгдсэн байна.
Гурван талын уулзалт өчигдөр Вашингтон хотноо болжээ.
Д.Нямтулга