Ажлын хэсгийнхэн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын
орлогч Б.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Баянгол суманд ажиллалаа.
Энэхүү ажлын хэсэг нь аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд ажил үүргээ
гүйцэтгэж байна. Тэд аймгийн 17 сум, 6 тосгодод зургаан хэсэг болон хуваагдан
энэ сарын 17-30-ны өдөр ажиллах юм. Сэлэнгэ аймгийн
Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, сум
орон нутаг, төрийн байгууллагуудад хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт
өгөх, мөн аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга, агентлагийн дарга
нартай 2019 онд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг газар дээр нь шалгах. Мөн төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, хандлагад үнэлэлт өгөх
замаар ажил сайжруулах шийдвэр гаргаж, аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас 2016-2020
онд хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг сум, орон нутгийн иргэдэд
тайлагнах, сурталчлах
зорилготой аж.
Тус ажлын хэсэг удирдамжийн дагуу 8 шалгуур үзүүлэлтээр Баянгол сумын ЗДТГ, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, цагдаа зэрэг төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ, гаргасан тогтоол шийдвэр, байгууллагын орчин нөхцөл, архив бичиг хэргийн үзлэгт бэлтгэж байгаа ажилтай танилцсан. Тус сумын иргэд эргэлтийн эмийн санд ямар ч эм байдаггүй, усалгаатай тариалалтыг нэмэгдүүлье, шүдний эмчтэй болмоор байна гэсэн саналуудыг хэлж байв. Ажлын хэсгийн ахлагч Б.Нарантуяа иргэдийн уулзалт дээр төрийн ажлыг хаана хаанаа сэтгэл зүрхээ зориулан явуулахыг зөвлөлөө.
Тус суманд хоёр ч шинэ обьект улсын комисс хүлээж авах боломжгүй байгаад сумын удирдлагууд анхаарч, хурдан шуурхай арга хэмжээ авч, цаашид хэрхэн гаргалгааг яаралтай шийдвэрлэхийг мөн үүрэгдлээ.
Сумын нэгдсэн
эмнэлгийн хувьд уул уурхайн компанийн хандив дэмжлэгтэйгээр өргөтгөлийн шинэ
байр барьсан ч гүйцэтгэгч байгууллагын алдаанаас шалтгаалан хүлээж авах
боломжгүй болж хүлээлтэд байв. Баянгол сумын эрүүл мэндийн төвийн тухайд
цаашид яаралтай тусламжийн нэгж болон өргөжүүлэх шаардлагатай байгаа аж. Учир
нь тус сум олон улсын авто замтай учир хөдөлгөөний урсгал их, осол аваар гарах
явдал их байдаг аж. Харин 2011 онд сумын дунд сургууль хүүхэд хөгжлийн төв
барихаар барилгын ажлыг
эхлүүлсэн ч мөн л гүйцэтгэгч байгууллагын хариуцлагагүйн улмаас дээвэр нь нурж,
балгас болон үлджээ. Энэ мэт хариуцлага эргэн тооцох зүйлүүд байлаа. Түүнчлэн
ажлын хэсгээс төрийн албан хаагчдад цаашид анхаарах
асуудлыг нэг бүрчлэн танилцуулж зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн үүрэг
чиглэлийг өглөө. Ажлын хэсэг маргааш Хушаат, Зүүнбүрэн суманд ажиллана.