Манай хөлбөмбөгчид эх орондоо 4 тоглолт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-13 16:42:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийнхан Бруней улсаас лхагва гараг /2019.06.12/-ийн үдэш эх орондоо ирлээ.


Тэд “Брунейн Дарусслам шигшээ багийг 2 тоглолтын нийлбэр дүнгээр ялснаар “Катар-2022” ДАШТ-ий болон 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцох эрх авсан билээ. Дараагийн шатанд Ази тивийн 40 баг найман хэсэгт хуваагдан тоглоно. Дараагийн шатны нэг хэсэгт таван баг багтана. Монголын шигшээ баг Япон, Иран, БНСУ зэрэг Азийн шилдэг багуудтай нэг хэсэгт учраа таарах боломжтой бөгөөд хэсэгтээ нийт найман тоглолт хийнэ. Мөн манай улс дөрвөн удаа эх орныхоо талбайд учраа таарсан багаа хүлээн авах юм.


Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар "Манай залуус маш сайн тоглолоо. Тоглолтын эхний үед бол эвгүй байдалд орж сэтгэл гэгэлзүүлсэн тоглолт болсон. Манай баг дараагийн шатны тэмцээнд бүх л хүчээ дайчлан өрсөлдөх болно. Тоглолтуудаас бид өөрийн талбайдаа дөрвөн ч тоглолт хийнэ. Тоглолт бүртээ маш хариуцлагатай нямбай байхыг хичээнэ гэдэгт итгэж байна" гэлээ.

相关新闻