Шинэ татвар ногдуулвал хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /РИА Новости/. Хятад
улс худалдааны дайн дэгдээхийг хүсэхгүй байгаа хэдий ч АНУ-д ийм санаа байгаа
бол бид шийдэмгий хариулт өгч, эцсийн мөчийг хүртэл тэмцэх болно хэмээн Хятадын
Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд
Трампын Хятадын бараа бүтээгдэхүүнд шинэ татвар ногдуулах тухай мэдэгдэлд
тайлбар өгөхдөө мэдэгдсэн байна.
“Их 20” бүлгийн орнуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтад
БНХАУ-ын дарга Си Жиньпин хүрэлцэн ирэхгүй бол АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд
шинэ татвар даруй ногдуулна хэмээн Д.Трамп “CNBC ” ярилцлага өгөхдөө өмнө нь мэдэгдсэн юм.
“Хятад улс худалдааны дайн хийхийг хүсэхгүй байгаа хэдий ч нөгөөтэйгүүр
худалдааны дайнаас эмээхгүй байна. АНУ эрх тэгш зөвөлгөөн хийхэд бэлэн байгаа
бол бидний боломж нээлттэй. Харин худалдааны маргааныг цаашид даамжруулвал бид
шийдэмгий хариу барих болно” хэмээн тэрбээр ярьсан байна.