"Дунд зах" ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-06-07 23:14:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүү цагаан идээ, махны худалдаа, тус тусын галлагаа бүхий хүнсний мухлагууд төвлөрсөн "Дэлгэрэх" худалдааны төв буюу олны хэлж заншсанаар "Дунд зах"-ыг шинэчлэн барьж ашиглалтад орууллаа.

Төмөр бетонон карказ, шилэн пасад, өндөр тааз, урсдаг шат, лифт бүхий орчин үеийн худалдаа үйлчилгээний төв болон өргөжиж байгаа дунд захын барилгын нээлтийн ажиллагаанд тус худалдааны төвийг барьж байгуулсан эзэд, аймгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид, ард иргэд оролцсон байна.

"Дунд зах"-ын шинэ барилга нь 28x48 харьцаатай 6 давхар ба нийт 5000 м2 худалдаа үйлчилгээний талбайтай, гурван талдаа хаалгатай, нэгдсэн харуул хамгаалалт, камер, галын дохиололтой, автомашины зогсоолтой. Тус худалдааны төв ашиглалтад орсноор үйлчлүүлэгчид тухтай орчинд үйлчлүүлэхээс гадна хүнсний худалдаа, бараа бүтээгдэхүүн худалдаалах соёл, стандартад дэвшил гарч буйг албаныхан онцолж байв.

Тус төвд хүнс, барааны худалдаа үйлчилгээнээс гадна олон үндэстний хоолны газар, оффис, зочид буудлын зориулалт бүхий хэсэг ч байгаа юм байна.

相关新闻