Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
САНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. ОХУ-ын Санкт-Петербург хотноо олон улсын эдийн засгийн форум эхэллээ. Тус форумын үеэр бизнес хөтөлбөрийн нийт 170 арга хэмжээ зохион байгуулна.
Энэ жилийн форумыг “Тогтвортой хөгжлийн асуудлыг тодорхойлох нь” уриан дор зохион байгуулж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин маргааш болох нэгдсэн хуралдаанд оролцоно. Түүнчлэн БНХАУ-ын дарга Си Жиньпин, Болгарын Ерөнхийлөгч Румен Радев, Армены Ерөнхий сайд Никол Пашинян, Словакийн Ерөнхий сайд Петер Пеллегрини, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш зэрэг өндөр албан тушаалын зочид оролцох юм.
1997 онд зохион байгуулж эхэлснээс хойш Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд 32 улсын 38 удирдагч оролцжээ.
Форумд оролцсон гадаадын анхны төрийн тэргүүн бол 1998 оны форумд хүрэлцэн ирсэн Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко юм. Тэрбээр мөн 2007, 2008 оны форумд оролцож байжээ. “Их 20” бүлгийн орнуудын удирдагчдаас Францын Ерөнхийлөгч Николя Саркози /2010/ болон Эмманюэль Макрон /2018/, БНХАУ-ын дарга Ху Жиньтао /2015/ болон Си Жиньпин /2015/, Германы Канцлер Ангела Меркель /2013/, Италийн Ерөнхий сайд Маттео Ренци /2016/, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди /2017/, Японы Засгийн газрын тэргүүн Абэ Шинзо /2018/ нар оролцож байв.
Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев /2005, 2007-2009/ болон Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев /2007, 2008, 2011, 2016/ хамгийн олон буюу 4 удаа оролцсон байна. Финландын Ерөнхийлөгч нар мөн олон удаа оролцжээ. Тарье Халонен гурван удаа /2006, 2009, 2011/, Саули Ниинистё нэг удаа /2012/ хүрэлцэн ирсэн байна.
2008 онд зохион байгуулсан форумд гадаадын хамгийн олон буюу 12 тэргүүн оролцжээ. Тухайн үед уг форумын хүрээнд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан байна. Эдгээр улсын удирдагчдаас гадна, Македонын Ерөнхийлөгч Бранко Црвенковски Петербургт хүрэлцэн иржээ.
Өнгөрсөн жилийн форумд Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Молдавын Ерөнхийлөгч Игорь Додон, Өмнөд Осетийн Ерөнхийлөгч Анатолий Бибилов, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Фостен-Арканж Туадера, БНХАУ-ын дэд дарга Ван Цишань, Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард, Нефть экспортлогч орнуудын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммад Сануси Баркиндо зэрэг зочид оролцсон байна.