“Талын салхи-2019” олон улсын наадамд 800 мотоциклчин оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-06-06 13:25:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын чопперчин ахан дүүс” ТББ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж буй “Талын салхи-2019” олон улсын мото наадам энэ амралтын өдрүүдэд болно.

Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах ач холбогдолтой юм.

Энэ жилийн наадамд “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүд болох ОХУ, БНХАУ-аас 200 мото тамирчин, Япон, Энэтхэг, Герман, Франц улсын төлөөлөл оролцохоор болжээ.

Наадмыг энэ сарын 8-нд  нээж, 800 гаруй мотоциклын цуваа жанжин Д.Сүхбаатарын талбайгаас “Чингис хааны морьт хөшөө цогцолбор” руу хөдлөх юм.

Харин мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн, урлагийн тоглолт болно. Тоглолтод Харанга, Жонон, Хурд, Нисванис, Булсара, Аравт, The Hu, Empire, Аадар, Lord, Rec on, Ice top, Digital, Click click boom, рэппэр Gee, Desant, NMN, Gang, DJ Zaya, DJ Tuvshin, DJ ladies нар оролцохоос гадна нийслэлийн Улаанбаатар чуулга, уран нугаралт, циркийн үзүүлбэр толилуулах аж.

Монголын мотоцикл сонирхогчдод үлгэр дууриалал болдог чопперчидтэй Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ хамтран ажилладаг бөгөөд наадмын аюулгүй байдлыг хянаж ажиллана гэдгийг хурлын үеэр онцоллоо.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, “Монгол улсад мотициклын хэрэглээ, стандарт соёлыг чопперчин залуус тогтоон, залуучуудад үлгэр дуурайлал болдог. Энэ жил гадны зочид төлөөлөгчид ирж байгаа учраас тус наадамд оролцогчид Монгол Улсын нэр хүндийг олон улсад мандуулах тул техникийн аюулгүй байдлаа хангаж соёлтой оролцох хэрэгтэй. Цаашдаа чопперчин залуустайгаа хамтран нэг ч хүн мотоциклын ослоор амь насаараа хохирдоггүй болоход хамтран зүтгэхийг уриалж байна” гэв.

Тус наадмыг нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулах тул иргэдийг өргөнөөр оролцож Монголын мотоцикл сонирхогчдын хөгжил ямар түвшинд байгааг ирж сонирхоорой гэж наадам зохион байгуулагчид хэллээ.

Чопперчид гэж хэн бэ? Чоп буюу chop гэсэн англи үг нь тасдах, цавчих гэсэн утгатай бөгөөд дэлхийн II дугаар дайны дараа америк цэргүүд өөрсдийн мотоциклыг засаж тоноглосноор шинэ загварын чоппер мотоциклын үүсэл тавигджээ. 1960-аад оноос дэгжин мотоцикл хөлөглөсөн мотоциклчдыг чопперчид гэх болсон бөгөөд Монгол Улсад 1990 оноос энэхүү ангиллын мото спорт хөгжлийн сууриа тавьж байжээ.

М.Батчимэг

相关新闻