МУИС хөдөөгийн сумтай анх удаа гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Өнгөрсөн баасан гарагт буюу 5-р сарын 31-ний өдөр байгуулсан эл гэрээ нь тус сургуулийн хувьд Монгол Улсын сумтай байгуулж буй анхны гэрээ ажээ.
Тус гэрээ нь 2017 онд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас МУИС хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний үргэлжлэл аж. Энэхүү гэрээний үр дүнд сургалт, судалгаа, инновацын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, дэд бүтцийг сайжруулахад нөлөөлөх гэнэ. Мөн орон нутгийг хөгжүүлэх кластерийн санаачилга боловсруулах ажлын хүрээнд “МУИС-ийн сургалт, судалгааны төв”-ийг Мандал суманд байгуулах, судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сумын төрийн болон төрийн бус байгууллагын удирдлага, албан хаагчдад болон ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгуулах ажээ.
Мөн
МУИС-д элсэгчдийн тоог
нэмэгдүүлэх, төгсөгчдийг орон нутагт нь ажлын байраар хангах, аж ахуйн нэгж,
иргэд, төгсөгчид, профессор багш, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг
өргөжүүлэх зэрэг олон шинэ боломжуудыг нээн өгч
буйгаараа өндөр ач холбогдолтой гэрээ болж байгаа
ажээ.
Түүнчлэн МУИС-ийн Газарзүйн тэнхимийн зүгээс сум, хотыг
хөгжүүлэхэд МУИС-ийн оролцоог хангаж, экологи, хот суурины болон газар зохион
байгуулалтын төлөвлөлт, нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, газрын болон
кадастрын зураглал, хөдөө аж ахуй, газар тариалан, эдийн засаг, инженер
геологийн суурь судалгааны ажлуудыг шат дараалалтай хийхэд дэмжлэг үзүүлэн
хамтран ажиллахаар болжээ.
Энэхүү үйл
ажиллагаанд Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Л.Мөнхбат МУИС-ийн захирал
Я.Төмөрбаатар, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам, Хамтын
ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, Газарзүйн тэнхимийн эрхлэгч В.Батцэнгэл,
болон холбогдох албаны төлөөлөл оролцсон байна.