Зэрэг сум гурван жил дараалан ОНХС-гаас 25 хувийн урамшуулал авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-31 16:03:01

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн ИНХ-ын жишиг хуралдаан боллоо.

Тус сум нь гүвээ, бургасан, бураа, эхэн, хөндлөн гэсэн 5 багтай. Үүнээс хөндлөн баг нь 935 хүн амтай. 262 өрхтэй. Энэ удаагийн багийн ИНХ-д  Хөндлөн багийн иргэдийн төлөөлөл 140 гаруй хүн оролцсон юм.

Хуралдаанд сумын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 2018, 2019 онд  хийсэн ажил, түүний явц, гүйцэтгэлийн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Тус сумынхан өнгөрсөн онд ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар гүүр засварлах, ногоон байгууламжийг хашаажуулах, мод тарих, гудамж талбайн гэрэлтүүлэг хийх, хог сэг зэм устгах зэрэг ажил  хийж гүйцэтгэжээ.

Мөн иргэдээс сумын ОНХС-гаар 2020 онд хийж хэрэгжүүлэх ажил, хөтөлбөр, арга хэмжээний тухай санал авч, эрэмбэлэв.

Үүнд, Зэрэг сумын Хөндлөн багаас 172 өрх оролцож, 80 гаруй санал гаргав. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн эрэгтэй дотуур байр барих, 04-ын шугам сүлжээний шинэчлэл хийх, сумын ЭМТ-д цусны аппарат тоног төхөөрөмж авах, цэцэрлэгийн А байрны их засвар хийх, нийтийн эзэмшлийн гудамж талбайг камержуулах зэрэг санал гаргаж баталлаа. Иргэдийн дэмжиж баталсан саналын дагуух ажлууд ирэх 2020 онд үе шаттайгаар хэрэгжих юм.

Харин энэ онд ОНХС-гийн 135,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зэрэг суманд 19 бүтээн байгуулалтын ажил, төсөл хэрэгжиж байна. Тухайлбал, сумын ЭМТ-д нярайн шарлагын аппарат худалдан авах, авто замын гарц засварлах, хадлангийн талбайг бордоожуулах, Эхэн багт эрчим хүчний трасс тавих зэрэг ажлыг хийж байна.  

Хөндлөн багийн ИНХ-ын хуралдаанд "Тогтвортой амьжиргаа-3" төсөл оролцлоо. Тус төслийн орон нутгийн  зохицуулагч Ж.Батсайхан хэлэхдээ, хөдөө орон нутагт тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөх,  хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах, засаглалыг сайжруулах зорилгоор "Тогтвортой амьжиргаа-3" төсөл  хэрэгжиж байна. 

Төслийн зүгээс “Сайн засаглал-үр дүнд суурилсан урамшууллын хөтөлбөр”-ийг давхар хэрэгжүүлж, сумдын засаглалын түвшнийг жилийн гүйцэтгэлээр үнэлдэг. Үнэлгээнд үндэслэн болзол хангасан сумдад ОНХС-гийн хөрөнгө оруулалтын 25 хувьтай тэмцэх хэмжээний урамшууллыг 2017 оноос жил бүр олгож байна. Энэхүү урамшуулалд  Ховд аймгийн Зэрэг  сум  гурван жил дараалан  хамрагдаж, урамшуулал авсан гэлээ. Мөн  тус  сумын иргэд ОНХС-гийн хөрөнгөөр хийх ажлын санал авах, хяналт  тавих, эрэмбэлэх явцад идэвх санаачилгатай оролцож хэвшсэн гэж онцоллоо.




 

相关新闻