Цэцэрлэгийн хүүхдүүдэд байгаль орчныг хамгаалах мэдлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-31 10:25:21

Ховд /МОНЦАМЭ/. Цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхэд багачуудад зориулсан байгаль орчноо хайрлан хамгаалах анхан шатны мэдлэг олгох “Инээдэг дэлхий-Уйлдаг дэлхий” сэдэвт дадлага сургалт Ховд аймгийн төв талбайд боллоо.

БНСУ-ын Койка ОУБ-ын сайн дурын 9 ажилтан Ховд аймагт бий. Тэдний нэг болох Жаргалант сумын хоёрдугаар цэцэрлэгийн багш Юүна Жонсүгийн санаачилгаар  энэхүү  сургалтыг зохион байгуулсан юм.  

Тус сургалтад  Жаргалант сумын 15 цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 900 орчим хүүхэд, бэлтгэл бүлгийн 60 багш, 1500 гаруй эцэг эх оролцлоо.

Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах  үйлсэд хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний  танин мэдэхүйг хөгжүүлэх, хүүхэд бүрийг эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээгээр хүмүүжүүлэх, төлөвшүүлэхэд тус сургалтын зорилго чиглэж байв.  

Энэ  удаагийн  сургалтын  хүрээнд  хүүхэд  багачууд хаягдал материал ашиглан тоглоом наадгай, ахуйн хэрэглээний эд  зүйлс  хийх  аргачлалд  суралцлаа. Улмаар хийсэн бүтээлээ иргэд олон нийтэд танилцуулсан юм.    

Энэ үеэр хүүхэд багачууд эх дэлхийгээ хайрлан хамгаалахын илэрхийлэл болсон ногоон хувцсаар жигдэрсэн байлаа.  Мөн сургуулийн өмнөх  боловсролын  байгууллагууд монгол гэр, асар барьж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах чиглэлээр уриа лоозон гаргажээ.

Тус сургалт нь хүүхэд багачуудыг эх оронч үзэлд төлөвшүүлэх, байгаль дэлхийгээ хамгаалах гэгээн үйлсэд хүүхдүүдийг  нэгтгэх  зэрэг чухал  ач холбогдолтой байв





相关新闻