Эрдэм шинжилгээний шилдэг илтгэл шалгаруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн, багш, судлаач, шинжээчдийн оролцоо хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой эрдэм шинжилгээний бага хурал Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо боллоо.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал Монгол Улсад атар газар эзэмшсэний түүхт 60
жил, Шаамар сум дахь МСҮТ үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд болж буй юм. Энэ сарын 29-ний
өдөр болсон эл хуралд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга
Ө.Сувдаа, Шаамар МСҮТ-ийн төгсөгч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц.Сүрэн,
Гавьяат механикжуулагч Н.Дэлгэрмөрөн болон илтгэгчид оролцжээ.
Тус үйл ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний шилдэг илтгэлүүдийг сонсож, шалгаруулсан байна. Эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг илтгэлээр Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн багш Б.Болормаа, Б.Хануй нарын “Авто машины засварчин, хөдөө аж ахуйн машин механизмын суралцагчдыг үйлдвэр сургалтын хичээлээр чадваржуулах нь” илтгэл шалгарчээ.
Мөн Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн багш Н.Ням-Очирын “Гагнуурын мэргэжлийн үйлдвэр сургалтын хичээлийн бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх нь” илтгэл, ХААИС-ийн багш Ц.Сансаргэрэлийн “Хатуу буудайн гурилын технологийн чанарыг судалсан дүн” сэдэвт илтгэл удаах байруудад тус тус шалгарсан байна.
Шилдэг
илтгэлийн шүүгчээр ХААИС, УГТХ-ийн АБ-ын сургуулийн ХНС-ын эрдэм
шинжилгээний ажилтан С.Сайханцэцэг, Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн
Г.Хосбаяр, УГТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан П.Алтантуяа нар ажиллажээ. Тус эрдэм шинжилгээний бага хурлыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Шаамар сум дахь МСҮТ хамтран зохион байгуулсан байна.