“Зөв тусгал” аянд Сүхбаатарчууд нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Та хүүхдийнхээ
хамгийн эхний, хамгийн ойрын тусгал учир зөв бүхнээр тэдэндээ үлгэр дууриал болж, хүүхдээ сайн хүн болгон өсгөж хүмүүжүүлэхэд таны оролцоо нэн
чухал юм. Иймээс Монгол Улсын
хэмжээнд амжилттай өрнөж байгаа “Зөв тусгал” аянд Сэлэнгэ аймгийн
Сүхбаатар сумынхан нэгдлээ.
Тус аяны хүрээнд олон чухал ажил зохион байгуулж байгаагийн нэг бол эцэг эх, багш, мэргэжлийн байгууллагын лектор багш нарын лекц таниулга аж. Иймээс ч “Зөв тусгал” аяны гол зорилго нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж, үр хүүхэддээ цаг зав гаргах, тэдэнтэй амьд харилцаа үүсгэж, харилцан ярилцах, хүүхдээ ойлгох нь чухал гэдгийг онцолж байгаа юм.
Энэхүү алхмууд нь аливаа, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө болох аж. Эл аяны хүрээнд аймгийн ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, аймгийн Хүүхдийн эрх хууль зүйн хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн Цагдаагийн газар, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран сум бүрт өртөөчилсөн сургалтыг зохион байгуулж байна.
Тухайлбал энэ сарын 26-ны
өдөр Сүхбаатар суманд ээлжит сургалтаа зохион
байгуулж, сургууль,
цэцэрлэгийн багш, эцэг эхийн төлөөллийг хамрууллаа. Тус арга
хэмжээнд “Хүүхдийн эрх хамгаалал” төвийн захирал Д.Ундраа, “Харилцааны
гайхамшиг” ТББ-ын тэргүүн, харилцааны доктор Н.Алтанцоож нар лекц тавьж, хүүхдийн хөгжил, хамгаалал дахь эцэг эхийн оролцоог нэлээд тодотгож өгчээ.