Сэтгүүлч М.Батбилэгийн гэр бүлд туслахыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМTВ-9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч, редактор М.Батбилэгийн гэргий Г.Наранбилэг хүнд өвчний улмаас БНСУ-д эмчлүүлж байгаа аж. Тиймээс найз нөхөд нь түүний эхнэрт туслах хандивын аяныг эхлүүлсэн тухайгаа өнөөдөр мэдээллээ.
“Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч П.Пүрэвжаргал, “Билгээ маань нэгдүгээр сарын 8-нд чөлөө авч явснаас хойш гурван сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд манай телевизийн зүгээс байнгын холбоотой байж эмчилгээнд явах зардалд дэмжлэг үзүүлсэн. Тиймээс “Монгол коммент” нэвтрүүлгийн үзэгч олныгоо Билгээдээ туслахыг уриалж байна” гэв.
УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Б.Цогтгэрэл, “Одоогийн байдлаар Билгээ маань БНСУ-д сар орчмын хугацаанд эхнэрээ сахиж байна. Анхандаа ахан дүүс, найз нөхдийн хүрээнд уг өвчнийг гэтэлье. Олныг хамраад яахав гэсэн ч эмчилгээний зардал маш өндөр гарч, удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон. Тиймээс бид Билгээгээ ятгаж, ард түмнийхээ дэмжлэгийг авахаар шийдсэн юм. Орой болгон монголын ард түмэнтэйгээ шударга үнэний дуу хоолой болон учирдаг сэтгүүлч Билгээдээ туслахыг уриалж байна” гэлээ.
М.Батбилэгийн гэргий Г.Наранбилэг зөөлөн эдийн хорт хавдар оноштойгоор химийн эмчилгээ хийлгэж байгаа юм. Хандивыг ХААН банкны 5007453924, Голомт банкны 1109126632 дансаар хүлээн авах гэнэ.
Э.Бат-Уянга
Гэрэл зургийг Т.Чимгээ