"2000" түүхэн кино БНСУ-д гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манжийн эсрэг бослого, тэмцлийн тухай өгүүлдэг “2000” түүхэн уран сайхны киног БНСУ-д энэ сарын 25-31-ний өдөр гаргахаар болжээ. Тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд киноны уран бүтээлчдээс ийнхүү хүссэн юм байна.
"UB FILM"-ийн бүтээл “2000” уран сайхны киноны ерөнхий продюсер, зохиолчоор Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан, ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Б.Отгонзориг ажиллаж Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг, Д.Төмөртогтох, Д.Гүрсэд, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, Ш.Доржсүрэн, Д.Баттөмөр нарын жүжигчин тоглосон кино энэ оны гуравдугаар сараас үзэгчдийн хүртээл болсон.
Манж Чин улсын эрхшээлд 200 жил дарлагдсан монголчууд эрх чөлөөнийхөө төлөө боссон тэмцлийн нэгээхэн хэсэг, Улиастай хотын 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэсэн энэхүү кино олны сонирхол татсаар байгаа билээ.