Шилдэг, Найдвартай, Хууль дээдлэгч татвар төлөгчдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-18 22:00:40
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт "Татвар төлөгчдийн баяр"-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил "Татвар төлөгчдийн өдрүүд-2019" арга хэмжээг аймгийн Татварын хэлтсээс зохион байгуулж, өнгөрсөн оны шилдгүүдээ алдаршууллаа.
Татварын хууль тогтоомжид заасан үүрэг хариуцлагаа ухамсарлаж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлсэн аж ахуйн нэгж, иргэд шилдэг, найдвартай, хууль дээдлэгч татвар төлөгчдөөр шалгарсан байна.
2018 оны Шилдэг татвар төлөгчөөр "Эх бүрдэн" ХХК, "Их Богд зам" ХХК шалгарсан бол оны Найдвартай татвар төлөгчөөр "Баялаг тайхар" ХХК, "Хашгоёо" ХХК шалгарчээ. Мөн Хууль дээдлэгч иргэнээр "Дөрвөн бэрх" хүнсний дэлгүүрийн эзэн Д.Мөнхбаатар, "Их хүрээ" бөөний худалдааны төвийн эзэн Д.Буянтогтох, "Гарьд" угаалгын газрын эзэн Д.Мөнхнасан, "Гүнж" хүнсний дэлгүүрийн эзэн И.Одмаа, "Миний дэлгүүр"-ийн эзэн М.Бямбасүрэн нар тус тус шалгарчээ.
相关新闻