Арвайхээрийн айл өрхүүд эко жорлонтой болж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын Дэлгэрэхийн 3 дугаар багийн айл өрхүүд орчин үеийн эко жорлонтой болж эхэллээ.
Азийн
хөгжлийн банк, Билл Гейтсийн сангийн хамтарсан ТА-9100 төслийн хүрээнд “Гэр
хороолын ариун цэврийн байгууламжийн туршилт” дэд төслийг хэрэгжүүлж байгаа ба
айл өрхүүдэд соруулдаг, сайжруулсан нүхэн жорлон барих ажлыг аймгийн болон
Арвайхээр сумын ЗДТГ-аас зохион байгуулж байна.
Нийт өртгийн 90 хувь буюу 1.8 сая төгрөгийг төслөөс гаргаж, тухайн айл өрх 200 мянган төгрөг төлснөөр “Онги ус суваг” ОНӨҮГ-аас жорлонгийн ажлыг 100 хувь гүйцэтгэж өгөх юм.
Арвайхээр суманд 7750 өрх айлын 30100 хүн амьдран суудаг бөгөөд 6200 өрх айл гэр хороололд шингээлттэй нүхэн жорлон ашигладаг. Шингээлттэй нүхэн жорлонгийн ялгадас, бохир шингэн хөрсөнд нэвчиж, ихээр бохирдуулдаг ба ихэнх айл өрх нүхэн жорлонгоо чанаргүй материалаар, агааржуулалтгүй хийдэг нь ашиглалтын явцад эвдэрч нурах өмхий үнэр гарах зэргээр хүний эрүүл ахуй, амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна.