Үндэсний их баяр наадамд 2.9 тэрбум төгрөг зарцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр болж, Зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн, наадам зохион байгуулахад шаардагдах төсвийг хэлэлцэв.
Үндэсний их баяр наадмын нийт зардал 2.9 тэрбум төгрөг бөгөөд үүний 400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргахаар төлөвлөжээ. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалтад Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл шалгарч, бэлтгэл ажилдаа оржээ.
Баяр наадмын гол утга учир бол нээх ёслол юм. Тиймээс түүх, соёл, урлагийн салбарын алдартнуудтай, ахмад уран бүтээлчидтэй уулзаж, тоглолтын найруулга, хөтөлбөртөө зөвлөгөө мэдээлэл авахыг Зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин найруулагч Г.Цоггэрэлд зөвлөлөө.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин зохион байгуулах хорооны төлөвлөгөөнд тусгасан болон төлөвлөсөн ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж, бэлтгэлийг бүрэн хангахыг Салбар хороодын дарга нарт үүрэг болгож, бөхийн барилдаан, морины уралдааныг будилаан, маргаангүй зохион байгуулах нь чухал тул мэргэжлийн холбоодтой уулзаж, ажлаа уялдуулахыг даалгалаа.