Соёлын салбарыг санхүүжүүлэх боломжийг ихэд сонирхов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-10 12:16:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг "Орчин үеийн соёлын илэрхийллийн олон төрөл, бүтээлч үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нь" үндэсний зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо. 150 гаруй төлөөлөл оролцсон энэ уулзалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар ЮНЕСКО, БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулав.

Монгол Улс Шведийн хөгжлийн агентлагийн сангаас SIDA-II төслийг хэрэгжүүлэх 16 орны нэгээр сонгогдож, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж байна.

Зөвлөлдөх уулзалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Хималчули Гурунг нар нээлээ. Дараа нь ЮНЕСКО-ийн соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Рейко Ёшида соёлын илэрхийллийн олон төрөлд оролцооны бодлогын хяналт шинжилгээний дүнг танилцуулав. ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга ЮНЕСКО-ийн “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцын үндсэн баримт бичгүүд” номыг танилцуулсан.


Салбар хуралдаанаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон төрөл, соёлын болон бүтээлч үйлдвэрлэл дэх дижитал технологи, мэргэжилтнүүд, уран бүтээлчдийн шилжилт хөдөлгөөн, тэдний нийгэмд эзлэх байр суурь, соёлын болон бүтээлч үйлдвэрлэл ба хүйсийн тэгш байдлын сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Оролцогчид соёлын салбарыг санхүүжүүлэх боломжийг ихэд сонирхож байлаа. Мөн үеэр гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид соёлын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргав.


相关新闻