Ой хээрийн түймрийн улмаас 17.8 сая төгрөгийн хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-30 16:58:09

Завхан /МОНЦАМЭ/. Цаг агаар огцом дулаарч хуурайшилтын зэрэг өндөр байгаа энэ үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.

Завхан аймгийн хэмжээнд өнгөрсөн жил ой хээрийн түймэр дөрвөн удаа гарчээ. Тосонцэнгэл суманд хоёр, Цагаанчулуут суманд хоёр удаа ой, хээрийн түймэр гарч 12 га ой, 13.5 га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 17.8 сая төгрөгийн хохирол учирчээ. Түймрийг унтраахад 1.3 сая төгрөгийн зардал гарсан байна. Ой хээрийн түймрийг унтраахад Онцгой байдлын албанаас 36 албан хаагч, гурван автомашин, орон нутгаас 88 иргэн ажиллажээ. Түймрийг унтраахад нийт 126 хүн, 17 техник тус тус ажиллаж бүрэн унтраасан байна. 

Гарч буй гал түймрийн эзэн, шалтгаан тогтоогдоогүй байгаа. Манай газар нь болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулаас хүний амь нас эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчныг авран хамгаалах, сэргээн босгох, дээрх үйл ажиллагаанд ард иргэдийг сурган дадлагажуулах үүргээ 2018 онд амжилттай хэрэгжүүлж ажиллалаа. 2019 он гарсаар ой хээрийн түймэр гараагүй байна. Гэсэн хэдий ч хуурайшилтын зэрэг өндөр байгаа, түймрийн аюултай үед ой, хээрээр зорчиж, зугаалж буй иргэд,тээврийн хэрэгслийн мэдээллийг нутгийн иргэдээс болон замын цагдаагийн постуудад авах мэдээлэл, бүртгэлийн системийг бий болгож хэвшүүлэх, хариуцлага тооцохоор бид ажиллаж байна. Түймэртэй тэмцэх, унтраахад оролцох иргэдийн санаачилгыг дэмжиж, гал түймэр унтраах сайн дурын хөдөлгөөнийг нийтийн дунд хөхүүлэн дэмжиж шаардлагатай сургалтад хамруулж сайн дурынхны тоог нэмэгдүүлэх ажлыг Гамшгийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд амжилттай хийж байгаа.

Тухайлбал Завханы 9 суманд гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг байгуулсан байна. Энэ онд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах сургалт сурталчилгаа, хариуцлагыг сайжруулах хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхэд түймрийн аюултай үед тогтмол мэдээ солилцох, орон нутгийн түвшинд хамтран хяналт шалгалт хийх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Түймрээс урьдчилан сэргийлж чадаж гэмээнэ түймрийн эрсдэл буурна. Үүний төлөө хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь юу юунаас чухал байна. Эцэст нь хэлэхэд иргэн таны сонор сэрэмжгүй агшин, болгоомжгүй үйл ажиллагаанаас үүсдэг түймрийн аюулаас ямагт сэргийлж амьдарцгаахыг уриалж байна хэмээн Онцгой байдлын хэвлэлийн албанаас мэдээлэв. 

相关新闻