Брайс Нельсен: Монголын говийг үзэж морь унамаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-29 16:45:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Холливуд Монголд" Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг тавдугаар сарын эхний долоо хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулна. Өнөөдөр анхдугаар наадамд оролцох Холливудын од Брайс Нельсен Монголд хүрэлцэн ирж, хэвлэлийн бага хуралд оролцлоо.

Брайс Нельсен "Монголд буунгуут хаан хувцастай эрс, хатан өмсгөлтэй эмс угтан авсан нь сонин байв. Би Монголын  говийг үзэж морь унамаар байна" гэж анхны сэтгэгдлээ хуваалцав.

Тэрбээр “Төмөр хүн 2”, “Мичин гаригийн бослого”, “Кинсмэн 2” зэрэг дэлгэцийн алдартай бүтээлүүдийн креатив продюсероос гадна, энэ жил гурван удаагийн Оскарын шагнал хүртсэн “Рома” уран сайхны кинонд ажилласан уран бүтээлч юм.

“Холливуд Монголд” төслийн санаачлагч А.Баярцэцэг “Өнөөдрөөс эхлэн “Холливуд Монголд” Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын хүндэт зочид Монголд ирж байна. Холливудын бусад зочин маргаашнаас ирнэ. Бид тавдугаар сарын 1-ний өдрөөс төлөвлөсөн наадмаа зохион байгуулахад бэлэн болсон” гэв.

Зохион байгуулагчдын зүгээс мөн "Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадамд оролцохыг хүссэн хүн бүр оролцож болно. Тавдугаар сарын 1-4-ний өдөр Улаанбаатар хотноо  “Корпорэйт” зочид буудалд  бүтэн өдрийн хэлэлцүүлэг болж, мэргэжилтнүүд туршлагаасаа хуваалцана. Сургалтын хувьд, нэг ангид 50 орчим хүн суух боломжтой учраас тасалбараа “Ticket.mn” –ээс захиалах юм. Үлдсэн гурван өдрийн үйл ажиллагааг хөдөө зохион байгуулж, хүндэт зочиддоо Монголын ахуй амьдралтай танилцуулж, сурталчлах юм" хэмээн мэдээлэв.

相关新闻