Улаанбаатарт олон улсын жазз хөгжмийн өдрийг тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага буюу ЮНЕСКО-оос жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг "Олон улсын жазз хөгжмийн өдөр" хэмээн зарлаж, дэлхий даяар тэмдэглэдэг.
Өнгөрсөн жил 7 дахь удаагийн олон улсын жазз хөгжмийн өдрөөр дэлхийн 190 оронд 2000 гаруй жазз хөгжмийн наадам зохион байгуулжээ. Монгол Улсын хувьд албан ёсоор гурав дахь жилдээ тэмдэглэхээр зэхэж байна.
Манай оронд жазз хөгжмийн урлаг тодорхой түвшинд
хөгжсөнийг илэрхийлэх зорилгоор Fat Cat жазз клуб ЮНЕСКО-той хамтран тав
хоногийн “Олон улсын жазз хөгжмийн өдрүүд” цуврал тоглолтыг зохион байгуулна. Энэ
өдрүүдэд монголын жазз хөгжимчдийн сор бүтээлүүдийг танилцуулж, залуу үеэ
бүтээлч, нээлттэй, эерэг сэтгэлгээнд хөтлөх зорилготой аж
Жазз хөгжмийн өдрүүдийн тоглолтуудыг танилцуулж байна. Тухайлбал, өнөөдөр /2019.04.26/ 21 цагаас Fat Cat жазз клубт “Day Off” цомгийн нээлтийн үдэшлэг үнэ төлбөргүй болно. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод шинэ өнгө аяс авчирсан нэгэн газар нээгдсэн нь Fat Cat жазз клуб юм. Олон улсад жазз клубүүдийн жишгээр байгуулсан, хөгжимчид нь жэм хийж, хөтөлбөргүй тоглодог газар гэж болно. Өнөөдөр энд тус клубийн анхны бие даасан анхны цомгоо сонирхуулах юм. Жазз хөгжим сонирхогчдын эчнээ танил “Jazz Train” хамтлаг, Fat Cat клубийн хаус хамтлаг Bluescoopers, дуучин Тэнүүн, Жожо нар оролцон бичүүлсэн цомог юм байна.
Маргааш /2019.04.27/ 21.00 цагаас Fat Cat жазз клубт домогт дуучин Элла Фицжеральдын төрсөн өдөрт зориулсан үдэш болно. Жазз хөгжмийн домог, “хатан хаан” Элла Фицжеральдын уянгалаг хоолой хаа газрын жазз уран бүтээлчдэд урам өгч, хөгжмийн увдисыг мэдрүүлдэг билээ. Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхимын (GMUB) дуучид түүнд зориулсан хүндэтгэлийн тоглолтод бэлдэн, олонд танил болсон дуунуудыг толилуулна. Тоглолтод Солонго, Энхжаргал, Билгүүн тэргүүтэй дуучид оролцоно.
Даваа гарагт /2019.04.29/ 21 цагаас Fat Cat жазз клубт Германы алдарт контрабасч Мартин Зенкерийн дөрвөлийн тоглолт болно. Мартин Зенкер GMUB төслийг санаачлан хэрэгжүүлэгч, жаззыг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхэм билээ. БНСУ, Монгол, Өмнөд Африк гээд олон улсад жазз хөгжмийн үрийг тарьж соёолуулж буй онолын профессор, контрабасс хөгжимчин М.Зенкер энэ удаад танд зориулж зөвхөн өөрийн бичсэн эх бүтээлүүдээ англи, солонгос, америк уран бүтээлчийн хамт тоглож сонирхуулна. Түүний дөрвөл хамтлагийн тоглох "For Those Years to Come" цомгийг сонсоно гэдэг ховор болох юм.
Мягмар гарагт /2019.04.30/ 19.30 цагаас Шангри-Ла төвийн кино театрын IMAX танхимд Олон улсын жазз хөгжмийн өдөрт зориулсан тоглолт: “Баянмонгол” чуулга+Наагий, Энхжаргал+дэлхийн алдарт хөгжимчид оролцоно. Монголын суут хөгжмийн зохиолч, Төрийн соёрхолт С.Гончигсумлаагийн бүтээлүүдээс сорчлон жазз найруулгад хөрвүүлэн Э.Энхжаргал дуулж Билли Харт нарын дэлхийд данстай хөгжимчдийг оролцон тоглуулж, Германы алдарт "Enja Records" лэйблд бичүүлсэн “Mongolian Song” цомгийг толилуулна. Энэ цомгийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Гончигсумлаагийн бүтээлүүдийг дахин амьдруулах юм. Мюнхений Хөгжим, театрын их сургуульд жазз хөгжмөөр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа Э.Энхжаргал жазз хөгжмөөр мэргэжлийн боловсрол эзэмшиж буй анхны монгол хүн билээ.
19.30 Баянмонгол чуулга, дуучин Н.Наранбаатар буюу Наагий
19.50 “Жазз Монголд” богино хэмжээний баримтат кино
20.00 Enji “Mongolian Song”
Дуучин – Эрхэмбаярын Энхжаргал /Монгол/
Саксофонч – Ким Жи Сук /Өмнөд Солонгос/
Төгөлдөр хуурч – Пол Кирби /Шотланд/
Контрабас –Мартин Зенкер /Герман/
Бөмбөрчин – Стив Прүитт /АНУ/