"Завхан түншлэл-2019" бизнес аяллыг Эрээн, Хөх хотод зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ хамтран орон нутагт жижиг, дунд үйлдвэр байгуулах, өрхийн бизнесийг дэмжих, туршлага судлах зорилгоор "Завхан түншлэл-2019" бизнес аяллыг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн, Хөх хотод зохион байгуулжээ.
Бизнес аяллын бүрэлдэхүүнд Завханы 24 сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, сумдын удирдлагууд оролцон урд хөршид жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх өрхийн бизнесийг хэрхэн дэмжиж байгааг нүдээр үзэж, бизнес уулзалтуудад оролцон, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаатай танилцжээ.
Энэхүү бизнес аялал нь "Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” хөрөнгө оруулагчдын чуулганы томоохон бэлтгэл ажил болсон. Завхан аймаг бүс нутгийн онцлог нөөц боломж, давуу тал, эрэлт хэрэгцээнд тулгуурлан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж шинэ ажлын байр бий болгох замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх олон ажлыг эхлүүлээд байгаа билээ. Түүнчлэн өрх бүрийн орлогыг нэмэгдүүлэх бодит нөхцөлийг бүрдүүлэн төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд төв, орон нутгийн байгууллагын үүрэг оролцоог тодорхойлж нэгдсэн шийдэлд хүрэх зорилгоор тус чуулганыг амжилттай зохион байгуулсан.
Тухайлбал Ургамал
сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга
Д.Батжаргал нар Хятадын үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэгддэг
тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг үзэж хөрөнгө оруулагч бизнес зөвлөгөөний үеэр зоорины
тоног төхөөрөмж, мах хөрөөдөх, жижиглэх төхөөрөмж,
мах чанах боловсруулах төхөөрөмж, савлах пакетлах төхөөрөмжийг сумандаа
нийлүүлэх чиглэлээр аймгийн Засаг даргатай гэрээ байгуулжээ. Ингэснээр улирал
харгалзахгүйгээр малчдын малын махыг нөөцлөн хадгалж зориулалтын дагуу
боловсруулж савлан, стандартыг хангаж худалдаанд гаргах нөхцөл бүрдэнэ гэж үзэж
байна. Харин Ургамал сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн оролцоо нь
мах хадгалах байрыг засаж бэлэн болгох, экспортлох болон зах зээлд нийлүүлэх
ажлыг хариуцан ажиллах юм хэмээн Завхан аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс мэдээлэв.