“Эгшиглэнт говь” яруу найргийн наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт жил бүр зохион байгуулдаг “Эгшиглэнт говь” яруу найргийн наадам 3 дугаар сарын 21-нд аймгийн ХЖТеатрт боллоо. Дэлхийн яруу найргийн өдрийг давхцуулсан тус яруу найргийн наадмыг Өмнөговь аймгийн ЗДТГазар, МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбартай хамтран зохион байгуулсан юм.
Энэхүү яруу найргийн наадамд залуу яруу найрагч О.Сувдаа түрүүлэн “Эгшиглэнт говь” цомын эзэн болж яруу найрагч Ц.Цэнгэлбаяр аман хүзүүлж, яруу найрагч Т.Энх-Эрдэнэ гуравдугаар байрт шалгарсан бол тусгай байрт яруу найрагч Х.Мядагмаа, А.Бүддорж нар тодорлоо. Яруу найрагчид өмнө нь ямар нэгэн тэмцээн уралдаанд орж байгаагүй шүлгүүдээрээ өрсөлдсөн “Эгшиглэнт говь” яруу найргийн наадмын шүүгч ахмад багш н.Цоодол шагнал гардуулах үеэрээ уран бүтээлчдийн шүлэг улам чанаржиж байгааг онцолсон бөгөөд Өмнөговийн яруу найрагчид улсын “Болор цом”-д бүтээлээ сойх цаг хэдийнээ болсныг яруу найрагчиддаа хэлсэн юм.
1988 оноос хойш 28 дахь жилдээ зохион байгуулж буй “Эгшиглэнт говь” яруу найргийн наадмын анхны цомын эзэн зохиолч яруу найрагч Э.Хархүү ажээ.
“Эгшиглэнт говь” яруу найргийн наадмын үеэр МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбараас “Дэлхийн яруу найрагт өдөр”-т зориулан зарласан бооцоот шүлгийн уралдааны дүнг тодруулсан. Уран бүтээлчид шүлгээ кодлон илгээсэн уг уралдааны дууны шүлгийн төрөлд 700216 дугаартай шүлэг, чөлөөт шүлгийн төрөлд 010201 дугаартай шүлэг шалгарсан байлаа.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн