АНУ-тай худалдааны хэлэлцээ эхлүүлэхэд ЕХ бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-04-16 14:33:21

БРЮССЕЛЬ. /Reuters/. АНУ-ын төлөөлөгчидтэй худалдааны хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Европын холбоо /ЕХ/ мэдэгдсэн байна. 


ЕХ аж үйлдвэрийн бүтээгдэхүүний татварыг тэглэх талаар голчлон хэлэлцэхийг зорьж байгаа ажээ. Даваа гарагт АНУ-тай худалдааны хэлэлцээ эхлүүлэх саналыг ЕХ-ны орнууд олонхын саналаар дэмжсэн бол Францын тал эсрэг санал өгч, Бельгийн төлөөлөгч санал өгөөгүй байна.  


ЕХ-ны Худалдааны комиссар Сесилия Мальмстрем сэтгүүлчдэд мэдээлэхдээ, АНУ-ын төлөөлөгчидтэй хийх хэлэлцээ удахгүй эхэлнэ, гэрээг ирэх аравдугаар сар гэхэд байгуулахаар зорьж байна гэжээ. Мөн тэрбээр, хэлэлцээнд хөдөө аж ахуйн салбарын асуудлыг оруулахгүй гэдгийг онцолсон байна.


Одоо С.Мальмстрем хэлэлцээг хэзээ эхлүүлэх талаар АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзертай хэлэлцэх юм. ЕХ болон АНУ нь бие биеийнхээ худалдааны хамгийн том түнш бөгөөд хоёр талын худалдааны урсгал дэлхийн худалдааны 30 хувийг эзэлдэг байна. 

相关新闻