“Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-ийн 10 жилийн ой тохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-13 21:00:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай, Завхан аймгийг эрчим хүчээр хангагч “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-ийн 10 жилийн ой дөрөвдүгээр сарын 12-ны өдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал А.Пүрэвсүрэн, “Тайшир-Гуулин” УЦС-ын дарга Д.Амартүвшин, Межүрмент компанийн менежер Ням-Очир, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга П.Баасан, Засаг даргын дэргэдэх Санхүү дотоод хяналтын албаны дарга Д.Ганзориг, албаны бусад хүмүүс оролцож  инженер техникийн ажилчдад баярын мэнд хүргэлээ. 

“Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК нь Засгийн газрын 2008 оны 10 дугаар сарын 233-р тоот тогтоолоор анх үүсэн байгуулагдсан бөгөөд 2009 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр үйл ажиллагаагаа эхэлжээ. Анх 20 гаруй ажиллагсадтай Говь-Алтай, Завхан аймгийн эрчим хүчний үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа дизель станцууд болон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлд суурилсан байдалтайгаар  системийн үйл ажиллагаа эхэлж байсан бол өдгөө 338 ажилтан албан хаагч, инженерүүд, Завхан салбар болон 3 охин компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Уг систем нь бүс нутгийн эдийн засгийн хөгжил, хэрэглэгчдийн өдөр тутмын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ байдлыг хангах зорилгын хүрээнд жилдээ 75,6 сая кВт.ц эрчим хүчийг түгээж үүнийхээ 60 орчим хувийг зөвхөн өөрийн дотоодын эх үүсвэр, үйлдвэрлэлээр хангадаг. Түүнчлэн цахилгаан дамжуулах, түгээх, цахилгаанаар зохицуулалтаа хангах, тоолуур суурилуулах, худалдан борлуулах, эрчим хүчний барилга байгууламж, шугам сүлжээ засварлах тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсны үр дүнд баруун бүсийн томоохон Эрчим хүчний систем болон хөгжиж өргөжин тэлжээ. 

相关新闻