Морин хуурын чуулга шинэ сюит концерт тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Морин хуурын чуулга 2015 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 16-нд урын сангаа баяжуулсан шинэ уран бүтээл тоглодог уламжлалтай.
Энэ жилийн энэ өдөр “Novel melody” концертод нь “Учиртай гурван толгой” дууриас сэдэвлэсэн Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюит тоглох гэж байна.
2011 онд ийм тоглолтоо дан нумт хөгжмийн бүрэлдэхүүнээр тоглосон нь олны анхаарлыг татаж байжээ. Тиймээс жил бүр шинэ бүтээлээр тоглолт хийдэг болсон юм байна. Тус сюитийг найруулж буй Д.Түвшинсайхан "Монголын орчин цагийн театрын анхны том хэлбэрийн бүтээл Д.Нацагдорж, Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын "Учиртай гурван толгой" дуурийн худалдаачин, дагуулууд, бүүвэйч, Нансалмаагийн ариоза, Балган Хоролмаагийн хослол, бүжиг гэх мэт 11 хэсгээс бүрдсэн сюит болгон шинэчилсэн найруулгаар тус тусдаа концертын хэлбэрийн бүтээлүүд болгон эгшиглүүлж байна. Энэ нь бас мэргэжлийн сургалттай их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг баяжуулахыг зорьсон" гэж онцлов.
Харин хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” сюит нь ДБЭТ-ын захиалгаар 2014 онд бичсэн, Монголын анхны танго балетаас сэдэвлэжээ. ДБЭТ нь урын сангаа шинэчлэх зорилгоор залуучуудын орчин үеийн хайр сэтгэлийг харуулсан “Төгсгөлгүй” танго балет бичүүлсэн бөгөөд дээрх цомнолыг Ч.Мөнхзул бичиж, Э.Эрдэнэжаргал дэглэн найруулсан байна. Морин хуурын чуулгыг удирдаач Н.Жигжиддорж удирдан тоглуулна. Тоглолт энэ сарын 16-ны 19:00 цагт Улсын филармонийн концертын танхимд болно.