Манай сагсанбөмбөгийн баг Индонезийн шигшээд ганц оноогоор хожигджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсанбөмбөгийн холбоо 3х3 сагсанбөмбөгийн шинэ улирлын нээлтийн тоглолтыг эхлүүллээ.
Филиппин улсын Манила хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.04.06-07/ “Asia Pacific Super Quest” тэмцээн болов. Австрали, Тайвань, БНСУ, Филиппин, Япон, Хонконг, Монгол зэрэг 12 орны баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглож, хэсэг бүрээс хоёр баг хасагдах шатанд өрсөлдөх эрх авсан.
Манай сагсчид БНСУ, Австралийн багтай “А” хэсэгт багтаж,
хоёр хожиж хэсгээ тэргүүлсэн. БНСУ-ыг 21:15, Австралийг 16:14 оноогоор
хожсон сагсчид шөвгийн наймд Индонезийн багт нэг оноогоор ялагдлаа.
Хагас шигшээд үлдэх эрхийн төлөөх Монгол, Индонезийн тоглолт 20:19-өөр “Jakarta West” багийн хожлоор өндөрлөв. “Asia Pacific Super Quest” тэмцээнд Японы баг түрүүлсэн бол Филиппиний баг удаалж, Индонез, Австралийн баг дөрөвт үлдэв. Сагсанбөмбөгийн 3х3 шинэ улирлын нээлтийн тоглолтыг шилдэг наймд үлдсэн амжилтаар эхлүүлсэн манай багт Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар нарын тоглогчид багтжээ. Дасгалжуулагчаар А.Тулга ажиллаж байгаа юм.
Манай тамирчдыг энэ долоо хоногт Wuxi дэлхийн Гран при
тэмцээн хүлээж байна.