183 ахмадыг Түрээсийн орон сууцанд бүртгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 420 ахмадын материалыг хүлээн авснаас хүний ээлжинд шаардлага хангасан 183 ахмадыг бүртгэлд хамруулж, нарийвчилсан шалгалтыг хийж эхэлсэн талаар өнөөдөр ТОСК-иас мэдээлэв.
Үлдсэн 237 ахмад настны материал дутуу байсан тул буцаажээ. Ихэнх ахмад настан тэтгэврийн зээлтэй тул Түрээсийн орон сууцанд тавьсан ямар нэгэн байдлаар орлогын 50 хувиас илүү төлбөр төлөхгүй байх гэсэн шаардлагыг биелүүлж чадахгүй байгаа юм. Тиймээс батлан даагч эсхүл хамтран зээлдэгчийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байгаа аж. Түрээсийн орон сууцанд хамрах хүсэлтэй өндөр настнуудын бүртгэл өнөөдөр 17.00 цагт дуусна. Өнөөдөр бүртгүүлж амжаагүй болон материалын шаардлага хангаагүй буцаагдсан иргэд энэ сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 01-нд дахин бүртгүүлэх боломжтой юм.
Маргааш буюу энэ сарын 23-нд 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны залуу гэр бүл, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон төрийн албан хаагч, байгалийн гамшиг гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрхийг бүртгэх юм.
Ч.Ариунболд