"Brent" маркийн нефтийн үнэ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-04-08 15:00:10

МОСКВА. /RIA Novosti/. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөж эхэлснийг арилжааны мэдээлэл харуулжээ. Энэ нь Ливи улсад цэргийн мөргөлдөөн даамжирсантай холбоотойгоор тус улсын нефтийн нийлүүлэлт багасаж болзошгүй гэх болгоомжлолтой холбоотой байна.


Даваа гарагт Лондоны "Ice" биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн зургадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 0.38 хувиар өсөж, нэг торх нь 70.61 ам.долларт хүрсэн байна. Харин “WTI” маркийн нефтийн тавдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 0.41 хувиар өсөж, нэг торх нь 63.43 ам.доллартой тэнцжээ.


Ливийн Үндэсний армийн командлагч Халиф Хафтар Триполи хот руу давших тушаалыг дөрөвдүгээр сарын 4-нд цэргүүддээ өгсөн байна. Тус хотод олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газар байрлаж буй юм. Ливийн удирдагч Муаммар Каддафиг засгийн эрхнээс 2011 онд түлхэн унагааж, хөнөөсний дараа тус улсад улс төрийн хямрал эхэлсэн билээ. Одоо тус улсын төр хоёр хуваагдчихаад байгаа юм. Ливийн зүүн нутагт ард түмнээс сонгогдсон парламент, харин баруун нутагт буюу нийслэл Триполи хотод НҮБ болон Европын Холбооны дэмжлэгтэйгээр байгуулсан Үндэсний зөвшилцлийн засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байна.


Ливид мөргөлдөөн даамжрах нь тус улсаас нефть нийлүүлэхэд сөргөөр нөлөөлнө гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа аж. “Эдийн засгийн өсөлт суларна гэх эрсдэлтэй таамаглал сайжирч буй энэ үед Ливийн нефтийн нийлүүлэлтэд саатал гарах вий гэсэн болгоомжлол нефтийн үнэ өсөхөд нөлөөлж байна” гэж ажиглагчид үзэж байгаа аж. 


相关新闻