Гадаад харилцааны сайдад 1000 гэрэл зураг хүлээлгэн өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-08 14:46:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны онгон дагшин байгаль, ан амьтан, ардын урлаг, ахуй амьдрал, ёс заншил, үндэстэн ястнууд зэрэг 21 дүгээр зууны монголчуудын онцлогийг дуу авиа, дүрс бичлэг, гэрэл зураг, тэмдэглэлээр баримтжуулах зорилготой “Бидний цөөхөн монголчууд” төслийн баг 1000 ширхэг зургаа Гадаад харилцааны яам, сайд Д.Цогтбаатарт хүлээлгэн өглөө.


Энэхүү гэрэл зургийг олон улсын хурал, чуулганд Монгол Улсын төлөөлөгч нар эх орныхоо түүх соёл, өв уламжлалын талаар илтгэл тавих, хэлэлцүүлэг өрнүүлэхдээ ашиглах юм.


Chimgee Chimgee-н зураг.


Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, “Монголчууд дэлхийн долоон тэрбум хүний дотор цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд байгальтайгаа зохилдон хэдэн мянган жил амьдарч, нүүдэлчдийн гэсэн соёл иргэншлийг бий болгон өнөөг хүрлээ. Бид бол дэлхийн түүхэнд нөлөөлсөн маш цөөн үндэстний нэг. Үүнээс “Бидний цөөхөн Монголчууд” төсөл ямар ач холбогдолтой болох нь тодорхой харагдаж байна. ГХЯ энэхүү төслийн багт талархан, дэмжиж ажиллах болно" гэв.


Chimgee Chimgee-н зураг.

“Бидний цөөхөн монголчууд” төслийг “Мөнхчулуун сан” МҮОНРТ, “UNITEL” групп хамтран хэрэгжүүлж байгаа юм.  Монгол орны 21 аймаг, 400 орчим сум суурин, 1000 гаруй баг хороод, гадны улс орнуудад олноороо ажиллаж амьдарч буй монголчууддаа хүрч ажиллах юм байна. Энэ талаар “Бидний цөөхөн монголчууд” төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн асан М.Зоригт, "Бид өнгөрсөн гурван жил Тува, Буриад, ӨМӨЗО-нд ажилласан. Мөн Япон, БНСУ-д ажиллаж буй монголчуудынхаа гэрэл зургийг буулгаж, нэвтрүүлэг бэлтгэсэн. Ирэх 10 жилд дэлхий даяар тархан суурьшсан 10 сая монгол үндэстнийхээ гэрэл зураг, дүрс бичлэгийг авахаар ажиллаж байна" хэмээв.


Chimgee Chimgee-н зураг.

Гэрэл зураг хүлээлгэн өгөхөд “Бидний цөөхөн монголчууд” төслийн хамтрагч МҮОНРТ-ын Ерөнхий захирал Л.Нинжжамц, UNITEL группын гүйцэтгэх захирал Д.Энхбат нар оролцлоо.

相关新闻