Монгол, Францын Засгийн газрын тэтгэлгээр сургана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛМонгол Улсын БСШУЯ, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 2016-2017 оны хичээлийн жилээс Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газрын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.
Тэтгэлэг нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх, Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зорилготой.
Магистр, докторын сургалтад мэргэжлийн чиглэл харгалзахгүй, хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох хүнс, хөдөө аж ахуй, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжил зэрэг мэргэжлийн чиглэлээр суралцах бол давуу эрх эдэлнэ.
Элсэхийг хүсэгчид Монгол Улсын иргэн байх, Франц дахь их, дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын эсвэл магистрын зэргийн дипломтай байх, суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх хэрэгтэй.
Хүсэлтийг ирэх сарын 13-ныг хүртэл хүлээн авна.
Ж.Болор