Өсвөрийн шилдэг төгөлдөр хуурчид тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-04-02 20:42:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУУГЗ, хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн 80 насны ойд зориулсан “Өсвөрийн төгөлдөр хуурчдын анхдугаар наадам”-ын Гран при шагналын эзэд тодорлоо.


МУГЗ Ч.Сангидорж агсан “Ардын дууны 33 найруулга”-ыг бүтээсэн нь хаан хөгжим гэгдэх төгөлдөр хуураар дамжуулан  ардын дууны сайхан аялгууг дэлхий дахинд түгээх, сурталчлах боломж олгосноос гадна төгөлдөр хуур суралцагч хүүхэд залууст өв соёлоо дээдлэх, ардын дууныхаа сайхан аялгууг бишрэн монгол хүн болон төлөвших зэрэг хүмүүжил, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой өв болсон гэж үздэг. БСШУСЯ эл бүтээлийг дэмжин хоёр жилийн өмнө ерөнхий боловсролын сургуулиудад нэг нэг ширхгийг худалдан авч байсан юм.

Ч.Сангидорж агсны охин төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн зохион байгуулсан тус наадамд  2-4 дүгээр ангийн сурагчид оролцсоноос A, B, C гэсэн хэсэгт хуваан шилдгүүдийг тодрууллаа. Нэгдүгээр байранд А ангилалд 4а ангийн сурагч Г.Анар, В ангилалд 3а ангийн сурагч Т.Оюу, С ангилалд 2а ангийн сурагч Н.Саруул нар шалгарав. Харин Гран при буюу тэргүүн байранд А ангилалд 4а ангийн сурагч О.Нандин, В ангилалд 3а ангийн сурагч Б.Сорхогтан, С ангилалд 2а ангийн сурагч З.Амин-Эрдэнэ нар шалгарсан юм.

Энэ үеэр төгөлдөр хуурч С.Саянцэцэг “Боловсролын  тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаасан бөгөөд өсвөрийн төгөлдөр хуурчдын наадмыг хоёр жил тутам зохион байгуулах аж. 

相关新闻