Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг урамшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын 2015 оны 05 дугаар сарын 13-ны 46 дүгээр тогтоолоор тив, дэлхийн тэмцээн уралдаанд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн урамшуулал олгох журам батлагдсан. Энэ хүрээнд дөрвөн тамирчин, хоёр дасгалжуулагчид 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, аймгийн удирдлагууд албан ёсоор гардууллаа.
Тив, дэлхийн тэмцээн уралдаанд амжилттай оролцож, нутаг орноо сурталчилсан шилдэг залуу тамирчдаа аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, БТСГ-ын дарга М.Мэнджаргал нар хүлээж авч уулзан ийн хүндэтгэл үзүүлжээ.
Жүдо болон чөлөөт бөхийн төрлүүдээр улс болон тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд удаа дараалан амжилттай оролцож яваа залуу тамирчин Л.Сосорбарам, Ө.Пүрэвсүрэн, Б.Хонгорзул, Л.Сэргэлэн болон дасгалжуулагч багш нартай нь аймгийн удирдлагууд халуун дотно яриа өрнүүлж, цаашдынх нь оролцох тэмцээн уралдаанд өндөр амжилт хүссэн юм. Л.Сосорбарам Жүдо бөхийн 2018 оны Залуучуудын Олимпийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Л.Сэргэлэн Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн нар Чөлөөт бөхийн төрлөөр Азийн аварга шалгаруулах U-23 насны ангилалд алтан медалийг тус тус хүртсэн байна.
Тамирчдын хувьд олон улсын тэмцээн уралдаанд оролцоход замын зардал зэрэг санхүүгийн олон бэрхшээл тулгардаг ба аймгийн удирдлагууд тамирчиддаа тодорхой хэмжээний дэмжлэгийг тогтмол үзүүлсээр иржээ.