Ц.Байды шог зургаараа "тоншсоор"...
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Урчуудын эвлэлийн шагналт зураач, шог зургийн нэрт мастер Цэвэгийн Байды Олон улсын инээдмийн өдрөөр "Байды юу өгүүлэв..." шог зургийн уламжлалт үзэсгэлэнгээ Монголын уран зургийн галарейд нээлээ. Нийгмийн гашуун үнэн хийгээд цаг үеийнхээ сүүдрийг гярхай харж, шүүмжлэлд дургүй хүнийг ч цочмоор шоолж зурдгаараа Ц.Байды зураач гаргуун.
Түүний энэ удаагийн шог зургууд нь 1990 -ээд оноос Монгол Улсын нийгэм, цаг үеийн эмзэг сэдвийг хөндөн, хүн ба хүний амьдралын хөгтэй дүр төрхийг ёжлон шүүмжилсэн хэрнээ өнөөдрийн бугшсан согогийг дэргэдээс нь харах мэт шоолсон хэвээр байна. Үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагддаг хуучны уран зургуудаас гадна сүүлийн үеийн бүтээлээ ч шог зурагтайгаа хослуулан гаргасан нь онцлог. Үзэсгэлэнгийн нээлтэд "Тоншуул" сэтгүүлд олон жил хамт ажилласан Төрийн шагналт, МУСГЗ, шог зураач, зохиолч Цэндийн Доржготов тэргүүтэй Монголын хошин шог зохиолч, зураач, сэтгүүлчид олноороо ирж оролцлоо.
Байды юу өгүүлснийг энэ сарын 4-н хүртэл Монголын уран зургийн галарейд дэлгэсэн зургуудаас сонирхож, цаг үеийнхээ тэмдэглэлийг харж болно. Бас алжаалаа тайлж, баясан инээж, түр зуур ч атугай бухимдлаа умартах боломжтой юм. Мөн зураач Ц.Байдын бичсэн уран хошин нийтлэлийн ном, сонирхсон уран зураг, шог зургаа ч зохиогчтой тохиролцон авч болох юм байна.