Баян-Өлгий аймгийн ажил мэргэжлийн аварга тогоочид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-31 12:27:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хоол үйлдвэрлэлийн “Галайхан” төрийн бус байгууллага Монголын мастер тогоочдын холбоотой хамтран "Аймгийн аварга тогооч шалгаруулах тэмцээн"-ийг энэ сарын 29-ний өдөр Өлгий хотноо зохион байгууллаа.

Тус тэмцээнийг аймгийн тогооч, хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар зөвлөгөөний хүрээнд явуулсан бөгөөд аймгийн төв болон хөдөө сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ресторан, зоогийн газраас 200 орчим тогооч оролцлоо. Оролцогчид цэцэрлэг, сургуулийн эмнэлгийн хоол, ресторан, зоогийн газрын хоол болон талх, нарийн боовны төрлөөр газар дээр нь хоол хийж өрсөлдлөө.

"Бид зөвлөгөөний хүрээнд хоол үйлдвэрлэлийн зохистой дадал, хүнсний аюулгүй байдал, хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагааны талаар сургалтаа үр дүнтэй зохион байгуулсан. Өнөөдөр ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнээ явуулж байна. Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймагт хүнсээр дамжих өвчлөл буурахгүй байгаа. Мөн хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэг хангалтгүй байна. Дандаа ар талд цаг наргүй ажилладаг хүмүүс учраас мэдээллээс хол байдаг асуудал бий. Тийм учраас сургалтад хамруулж, харилцан туршлага солилцох боломжоор хангахад энэ удаагийн тэмцээний ач холбогдол оршиж байна" гэдгийг ХХААХҮ-ийн яамны мэргэжилтэн Б.Даваадулам онцоллоо.     

Тэмцээнийг Монголын мастер тогоочдын холбооны мэргэжлийн тогоочид шүүн явуулсан юм. Шүүгчдийн шийдвэрээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хоолны төрлөөр Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн тогооч С.Майрагүл, ресторан, зоогийн газар, кафены хоолны төрлөөр “OWL SKY” рестораны тогооч А.Жанболат, талх нарийн боовны төрлөөр «Маржан байкери» цехийн тогооч Н.Маржангүл нар тус тус "Аймгийн аварга тогооч"-оор шалгарч, «Памукалли» ресторан болон хилийн 0165 дугаар ангийн тогоочид шилдэг багаар тодорлоо.

Зохион байгуулагчид уг тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа илэрхийлээд байна.

 

相关新闻