“Новости Монголии” сонины уралдаанд манлайлсан сурагч ОХУ-д суралцах эрх гардлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн орос хэлээрх "Новости Монголии" сонин, Оросын соёл, шинжлэх ухааны төвтэй хамтран ЕБС-ийн 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион бичлэгийн уралдаан зарласан юм. Уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол тус агентлагийн Мэдээллийн төвд өнөөдөр болов.
Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус уралдааны тэргүүн байрт
шалгарсан сурагч ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах эрхийн бичиг гардаж буйгаараа онцлогтой.
Шагнал гардуулах ёслолыг нээж, МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд хэлэхдээ, “Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 2018 оноос уншигч, харилцагчдынхаа хүрээллийг нэмэх, байнгын эргэх холбоо бий болгох зорилгоор 7 хоног тутам эрхлэн гаргадаг англи, орос, хятад, япон сонины нэрэмжит уралдааныг холбогдох ЭСЯ-дтай хамтран жил бүр зохион байгуулж эхэлсэн. Энэ жил Монгол-Орос дайчид мөр зэрэгцэн тулалдсан Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ой тохиож буй тул зохион бичлэгийн уралдааныг Халх голын байлдааны сэдвээр Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран зохион байгууллаа. Энэ жилийн уралдаанд Улаанбаатар хот төдийгүй Баян-Өлгий, Орхон, Ховд зэрэг аймгаас орос хэл сурдаг сурагчид зохион бичлэгээ ирүүлсэн. Манай уралдааныг дэмжин ажилласан ОХУ-ын ЭСЯ, Оросын соёл, шинжлэх ухааны төвийн хамт олонд болон идэвхтэй оролцсон Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургууль, Оросын ЭСЯ-ны дэргэдэх 14 дүгээр сургууль, Радуга, Плехановын нэрэмжит лицей сургуулийн хүүхдүүдэд талархал илэрхийлье” гэв.
Уралдаанд 50-иад зохион бичлэг ирснээс хоёрдугаар шатанд 11 нь шалгарчээ. Үүнээс тэргүүн байрт Монгол-Оросын хамтарсан Гуравдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Баасансүрэн шалгарч, ОХУ-д суралцах эрхийн бичиг гардлаа. Харин дэд байрт Монгол-Оросын хамтарсан Гуравдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Цэцэнзаяа, гуравдугаар байрт Эрдэнэт хотын 19 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч З.Марал-Эрдэнэ нар шалгарав. Тусгай байрын шагналыг Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн сурагч Т.Танан хүртлээ.
Уралдааны тэргүүн байрт шалгарсан сурагч Б.Баасансүрэн: Би энэхүү зохион бичлэгээрээ бид өвөг дээдсийнхээ гавьяаг хэзээ ч мартах ёсгүй. Халх голын дайн болон бусад дайнд оролцсон өвөг дээдэс маань бидэнд эрх чөлөөтэй, амгалан тайван амьдрах сайхан боломж үлдээсэн. Тиймээс өвөг дээдсийнхээ ач гавьяаг санаж явахыг зохион бичлэгтээ өгүүллээ. Мөн Монгол-Оросын найрамдлын хамтын ажиллагаа, эв нэгдлийг олон талаас нь харуулахыг зорьсон. ОХУ-ын тэтгэлгээр сурах болсондоо маш их баяртай байна
Гутгаар байрт шалгарсан сурагч З.Марал-Эрдэнэ: Эрдэнэт хотод орос сургууль ганцхан бий. Орос хэлийг нэгдүгээр ангиасаа эхлэн үзсэн. Энэ жил Халх голын дайны ялалтын 80 жил тохиож байгаа тул энэ сэдвээр маш их мэдээлэл шаардсан. Зохион бичлэгтээ Монгол-Оросын бат бөх найрамдалт харилцааг тусгаж харуулахыг зорьсон.
Энэ үеэр Монгол судлаач Ю.Н.Кручкин уралдааны тэргүүний оролцогчдод баяр хүргэж хэлэхдээ, “Та бүхэнд А.П.Чехов, Л.Толстой,
Ф.Достоевскийн сонгодог зохиолыг унших бүрэн боломж бий. Өөрөөр хэлбэл, оросоор
уншиж чадвал илүү амжилтад хүрнэ. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн
аав, ээж нь орос хэлний дугуйланд танилцсан. Орос хэлний ачаар Америкийн ерөнхийлөгчийн аав ээж танилцсан гэсэн үг л дээ. Тиймээс та нарын дундаас ирээдүйн Монголын ерөнхийлөгч төрнө гэдэгт
итгэж байна” гэв.
Шагнал гардуулах ёслолд ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх Е.И.Лиштованный, ОХУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын үүрэг гүйцэтгэгч Т.Ч.Будаева, ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн атташе К.Панкова, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн дэд ерөнхийлөгч З.Эрдэнэбат нар оролцсон юм.