“Агшин зуур”-ын бүтээл Венецийн олон улсын наадмыг зорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Урлагийн олон төрлийг хамруулсан “Агшин зуур” хэмээх контэмпорари урлагийн төслийн хүрээнд уран бүтээлч Э.Жанцанхорол, Германы уран бүтээлч Карстэн Николай болон монгол хөөмийчид орон зайн болоод харилцан үйлдэлт авиан дүрслэлийн тоглолт толилуулав. Төслийг Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос санаачилжээ.
Үлэг гүрвэлийн төв музейн нүсэр орон зайнд улаан туяатай
гэрэл тусгаж, Карстэн Николайн электрон синтезаторын минимал дуу авианд хөөмийчид орон зай, мөчлөгт үүсэх мэдрэмжээ дуу авиагаар дамжуулан гаргах тоглолтын
үеэр үзэгчид нүдээ анин, бясалган сонсов.
Тэдний дуу авиа намуухан эхэлснээ, аажимдаа сүлэлдэн эрчилдэж, заримдаа
тасалдаж, сүнслэг, амгалан мэт хэрнээ оргилсон ер бусын холилдсон мэдрэмжийг
төрүүлэх нь онцгой. Авиан дүрслэлийн тоглолт хэдий ч зарим талаасаа
контэмпорари дуурийг санагдуулам энэхүү тоглолт цэвэр импровизац байсан
гэдгийг төслийн удирдагч Б.Гантуяа тайлбарлалаа.
Карстэн Николай болон хөөмийчид 3
хоног хамтран ажиллажээ. Тэрээр Улаанбаатар хотын Zu Club, Дундговь аймгийн Их
газрын чулуунд очиж бие биенээ, орчноо, өөрийн дотоод дуу хоолойг сонсох
дасгалыг 6 цаг хийжээ. Тус тоглолт нь уран бүтээлчдийн хувьд анхны
туршилт бөгөөд орон зай, биет зүйлс, дуу авиа бүхнээр дамжуулан үзэгчдэд
агшин зуурын мэдрэмжийг төрүүлж, өнгөрсөн ба одоо цагийн дурсамжийг сэргээхийг
зорьсон аж.
Уг төслийн санаа нь монголчуудын дотоод, гадаад ертөнцтэй
дуу авиагаар дамжин харьцдаг байсан эртний уламжлалаас сэдэлтэй гэнэ. Тэд эцсийн бүтээлээ Венецийн
дүрслэх урлагийн 58 дугаар олон улсын наадмын нээлтэд толилуулах юм. Мөн дуу авианы
бичлэгийг Монголын павильоны үзэсгэлэнгийн орон зайнд байршуулах аж.