Ё.Баатарбилэг: Сурах бичгийн агуулгыг өөрчлөхгүй, дахин шинэчлэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЕБС-ийн сурах бичгийн хүрэлцээ, хангамж, дүрэмт хувцасны үйлдвэрлэл, худалдааны асуудлаар үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Тэрбээр, “Улсын хэмжээнд 1-12 дугаар ангийн 600 мянган
сурагчийг 170 гаруй төрлийн сурах бичгээр бүрэн хангахад 40 орчим тэрбум
төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Нийслэлийн хэмжээнд хоёр хүүхдийн дунд нэг
сурах бичиг олгож байхад хөдөө, орон нутгийн зарим алслагдсан сум, багийн
сургуульд нэг ангид хоёр сурах бичиг оногдож байна. Тиймээс ирэх есдүгээр сарын
нэгэн гэхэд сурах бичгийг тодорхой хэмжээнд хүртээмжтэй болгохын тулд гарц, шийдэл
хайж байна. Бага анги болон зорилтот бүлгийнхэндээ сурах бичгийг үнэ төлбөргүй
өгдөг хуучин журмаараа явна. Гагцхүү дунд, ахлах ангийн үлдсэн хэсэгт нь
түрээсийн сурах бичгийг нэвтрүүлж, хүртээмжийг нь нэмэгдүүлье гэдэгт санал
нэгдээд ажиллаж байна. Эхний ээлжинд Засгийн газрын хуралдаанаар сурах бичиг
хэвлэхэд зориулж 3.7 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлсэн. Мөн Азийн Хөгжлийн банктай
уулзаж, санхүүжилт шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа. Сурах бичгийн хүртээмжийг
нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай учраас бид дотоод, гадаадын хөрөнгө оруулалт,
боломжтой бүх санхүүгийн эх үүсвэрийг судлан үзэж, зохих арга хэмжээг нэн
яаралтай авч ажиллах болно. Зориуд онцлон хэлэхэд сурах бичгийн агуулгыг
өөрчлөх, дахин шинэчлэх асуудал байхгүй” гэлээ.
Уулзалтад “Соёмбо принтинг”, “Мөнхийн үсэг”, “Сэлэнгэпресс”, “Содпресс”, “Битпресс” зэрэг хэвлэх үйлдвэрийн удирдлагууд оролцож, урьд жилүүдэд үүссэн хүндрэлийг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо сайдад уламжлав. Тухайлбал, сурах бичгийг ченжүүд хэт өндөр үнээр дамлахыг зогсоох шаардлагатай гэлээ. Хэвлэх үйлдвэрүүдээс сурах бичгийн ченжүүд 2000-5000 төгрөгөөр худалдан аваад 20 мянган төгрөгөөр борлуулдаг гэж байлаа. Иймд яам сурах бичиг хэвлүүлэх зардлыг бага хэмжээгээр нэмсэн тохиолдолд, хэвлэх үйлдвэрүүд номын дэлгүүрээр хямд үнээр борлуулах, ченжүүдийн гарт хүргэхгүй байх боломжтой гэсэн юм.
БСШУС-ын сайд мөн
сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн төлөөлөл “Батзүү”, “Топ зүү”, “Шилмэл
загвар”, “Төмөр трейд”, “Торгон хийц”, ”Налайхын “Бүтээлч үйлс” зэрэг компани,
мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзав.
Дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн хувьд, хамгийн том бэрхшээл нь зах зээлээ
импортын бараанд 70-80 орчим хувиар алдсан явдал гэлээ. Тодруулбал, есдүгээр
сарын нэгэн дөхөхөөр БСШУСЯ-ны дүрэмт хувцасны загварыг хуулбарласан, чанаргүй
материал бүхий дуураймал бүтээгдэхүүн томоохон захуудаар дүүрдэг байна. Өмнөд
хөршид үйлдвэрлэсэн эдгээр хувцас татваргүй орж ирдэг учраас хямд зарж, үндэсний
үйлдвэрүүдийнх үнэтэй гэх хандлага бий болгодог гэв. Үүнийг хязгаарлахад яам тодорхой стандарт
тогтоох, нэг загварын биш, өөрөөр хэлбэл сургууль өөрсдөө загвараа санал
болгож, үйлдвэрүүдтэй гэрээлдэг байх зэрэг саналыг хэлж байв.
Уулзалтын
төгсгөлд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, эдгээр асуудлыг
“Хүүхэд-хэрэглэгч” нь гэдгийг бодож, чанартай, боломжит хямд үнээр хүргэх
талаар үйлдвэрлэгч нар нэгдсэн санал боловсруулж, дахин уулзах чиглэл өглөө.