“Шар хантаазтнууд” олон сая ам.долларын хохирол учруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-03-27 14:58:31

ПАРИС. /Anadolu/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны Засгийн газрыг эсэргүүцэгч “Шар хантаазтнууд”-ын учруулсан хохирлын хэмжээ 200 сая евро буюу 225 сая ам.долларт хүрсэн тухай тус улсын Даатгалын холбооноос мэдээлэв.


“Шар хантаазтнууд” өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш долоо хоног бүрийн бямба гарагт жагсаал цуглаан өрнүүлсээр байгаа юм. Францын Даатгалын холбооны мэргэжилтнүүд гуравдугаар сарын 16 хүртэлх хугацаанд болсон 18 жагсаал цуглааны учруулсан хохирлын хэмжээг тооцоолсон байна.


Тус байгууллагын тайланд мэдээлснээр, эмх замбараагүй байдлын улмаас дэлгүүрүүд хаалгаа барьсан нь 197 сая орчим ам.долларын хохирол учруулсан бол олон нийтийн үйлчилгээний газруудын барилга болон тээврийн хэрэгслүүдэд учирсан хохирлын хэмжээ 28 сая ам.доллартай тэнцсэн ажээ.


Жагсаал цуглаанууд аялал жуулчлалын салбарт ч мөн сөргөөр нөлөөлж байгаа талаар Францын Засгийн газраас мэдээлжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард Парис хотоор аялсан хүмүүсийн тоог 2017 оны мөн үетэй харьцуулахад 5.3 хувиар буурсан байна.


“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд хэт давруу үзэлт бүлгүүд оролцох төлөвтэй байвал уг жагсаалыг хориглоно хэмээн тус улсын Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. 

相关新闻