Дөрөвдүгээр сарын тайзнаа...

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-27 17:06:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын инээдмийн өдөр дөрөвдүгээр сарын нэгнээс манай улсын театрын тайзнаа олон сайхан тоглолт болох хуваарь гарсан байна. 

Улсын драмын эрдмийн театрынхан Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулга “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгээр дөрөвдүгээр сарын нэгний өдрийг угтана.  Шекспирийн дайтай үнэлэгддэг Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү жүжгийг Олон улсын инээдмийн баярын өдрөөр 18.00 цагт тоглоно. Тасалбарын үнэ, суудлын зэргээс хамааран 10.000-20.000 төгрөгийн үнэтэй. 

Бородвейн театрын тайзыг эзэгнэж, Холливудын дэлгэцийг дүүргэж байдаг К.Людвиг хэмээх энэ эрхмийн “Оддын өвчин” алдарт бүтээл Монголын тайзнаа "амилаад" удаагүй. Эл жүжгийн үйл явдал АНУ-ын Огайо муж улсын Клевлэнд хотын тансаг зэрэглэлийн зочид буудалд өрнөнө. Дуулаачийн компанийн ерөнхий менежер Сондерс алдартай дуучин, гайхамшигтай тенор хоолойтон Тито Мереллитэй “Отелло” жүжигт тоглох гэрээ байгуулснаар тоглолтын урилга, зарыг сүр дуулиантай тарааж, театрын уран бүтээлчид төдийгүй бишрэн шүтэгчид нь Титог тэсэн ядан хүлээж буйгаар эхлэх  МУСТА Ч.Түвшиний найруулга “Оддын өвчин” жүжиг УДЭТ-ын тайзнаа дөрөвдүгээр сарын 2-нд хөшгөө нээнэ. Энэ сарын 1-нээс 23 хүртэл  үзэгчдийн хүртээл болсон “Бүсгүйн зурвас” жүжгийг ирэх сарын 5, 21-нд  дахин тоглоно. 

ДБЭТ-ын тайзнаа ч дэлхийн сонгодог бүжгэн жүжиг тавина. Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгээр эхлээд, Жорж Бизегийн “Кармен” дуурь тоглоно. Анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театрт тоглож байсан, нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччинигийн “Тоска” дуурийг ирэх сарын 21-нд тоглоно.  Энэхүү дуурь Пуччинийн хамгийн хүнд драмтай дуурийн нэг бөгөөд авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч сэтгэлийн огцом хөдөлгөөнтэй, хартай, гэнэн бүсгүй Тоска, хийсвэр, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа муутай, хашир, харгис хэрцгий Скарпья нарын дүрийг тус тусад нь, маш тодорхой хөгжмийн аялгуугаар илэрхийлсэн нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг зуун жилийн турш байлдан дагуулсаар байна

Римский Корсаковын “Шехеразада” балетыг  анх 1963 онд манай улс театрын тайзнаа тавьсан. “1001 шөнийн үлгэр” зохиолоос сэдэвлэсэн эл бүжгэн жүжигт зах хязгааргүй их далайн дунд хугархай шураг дээр үхэлтэй тэмцэн хөвж буй зоригт Синдбад далайчны амьдралыг харуулдаг. Мөн Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Шарилж дундах цэцэг”  болон Италийн нэрт  хөгжмийн зохиолч, их мастер Ж.Пуччинийн алдарт “Madam Butterfly” буюу “Чио Чио Сан” дуурийг ч тоглоно.

Морин хуурын чуулгын уран бүтээлчид зургаа дахь жилийнхээ хаврын тоглолтыг хийх бол  

“Жирийн монгол охины дөлгөөн харц

Юуны учир над дээр тусав аа

Намрын төгөлд чинийхээ дүрийг

Анх удаа би харж билээ…хэмээх  “Ньанс” хамтлагийн “Жирийн Монгол охин” дуугаар нэрлэсэн концерт Улаанбаатар Паласын концертын их танхимд  ганцхан удаа тоглох юм байна. “Жирийн Монгол охин” тоглолтыг Монголын рок попын шинэ үеийн сэргэн мандалтыг тунхагласан “Шигтгээ”, “Элекондр”, “Хөх тэнгэр” хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Цогийн урлагт түрлэг нэмсний 30 жилийн ойд зориулжээ. Тоглолтод “Хар сарнай”, “Титэм, “Айзам-2”-ын Мөнхбаяр, “Харш”, продюсер Б.Ангирмаа, жазз дуучин Ц.Хулан, дуучин Баярцэцэг, нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг нар оролцоно. Дөрөвдүгээр сарын тоглолтууд таны алжаалыг тайлна гэдэгт итгэж байна.

相关新闻