Театрын түүхийн үзмэрээс дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-27 18:26:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын театрын өдрийг тохиолдуулан Архивын ерөнхий газраас Монголын театрын түүхэнд холбогдох архивын эх баримтын дээжээс дэлгэсэн байна.

Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан Г.Сэр-Од мэдээлснээр, 1930-аад оны эхээр хүмүүсийг цуглуулж, авьяас билгийг шалгаж авна гэж Улсын бага хурлаас комисс гарсан. Тус комисст Янжмаа, Жамсран, Надмид, А.А.Ефремов, Ц.Гомбожав нар оржээ. Түмэн  олонд хүргэх зарлалын үгийг зохиох, түүнийг хэвлүүлэх, тарааж наах ажилд А.Ефремов, Ц.Гомбожав нар идэвхтэй оролцож, Ё.Шаравдоо их үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайлбал, 1930 оны есдүгээр сарын эхээр Хүрээний зүүн, баруун, урд, хойд хороо, Гандан, Богдын ордны урд шар цаасан дээрх нэгэн зарлалд:

“...Хорьдугаар он(1930 он) есдүгээр сарын 17-ны оройн таван цагт Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн газар орохыг хүсэгчдийг шалгаж үзэж авах амуй. Энэхүү Улсын цэнгэлдэх танхим нь олон нийтийн дунд боловсрол гэгээрлийг тараах, театрын уран сайхны зохиолыг үүсгэх ба тус улсын дотор ший жүжгийн хэргииг дэлгэрүүлэхийн тулд байгуулагдан буй амуй. Театрт орогсод нь хамтын чанар бүхий хүмүүжил боловсролтой болно. Тус театр нь улс төрийн ба ерөнхий боловсрол хийгээд уран сайхны боловсрол бүхий улсын хэрэгт хүчээ өгөхийг хүсэх хүмүүсийг бэлтгэх зорилготой амуй” хэмээн дурджээ. 

Ийнхүү МАХН-ын Төв хорооны тогтоолоор байгуулагдсан Түр сургууль 1930 оны 9 дүгээр сарын 25-наас эхлэн жүжигчний ур чадвар,  театрын түүхийн хичээл орох болов.  Мөн шинээр орсон олонх хүмүүс бичиг үсэггүй шахам байсан учир бас хажуугаар нь бичиг үсгийн дугуйлан хичээллүүлж байв. Энэ сургуулийн суралцагчид сайн дурын үндсэн дээр сурч, тус тусын албан ажлыг хийж оройн 18 цагаас 22 цаг хүртэл жүжигчний сургууль хийдэг байв.


Үүнээс хойш Монголын театрын урын сангийн чиг хандлагыг идэвхтэй өрнүүлж, Улсын төв театр уран бүтээл, үйл ажиллагааныхаа ерөнхий чиг шугам, төлөв байдлыг тогтоож чадсанаар тухайн үеийн театрын урлагийн хөгжлийн гол дүр зургийг тодруулснаар барахгүй, дэлхийн урлагийн шилдэг туурвилуудын нөлөө нь Монголын үндэсний театрын хөгжлийг баяжуулсныг архивын баримтууд харуулна. Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдан буй үлэмж хэмжээний театрын түүхэнд холбогдох баримт сонин түүх өгүүлэх ажээ.

相关新闻