Хүүхдийн спортын наадамд 1500 гаруй сурагч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-25 10:57:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спортын газар "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөртэй хамтран "Хүүхдийн спортын наадам"-ыг энэ сарын 23-наас Өлгий хотноо зохион явуулж байна.

Энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулж буй спортын наадамд тус аймгийн 13 сумын ерөнхий боловсролын 25 сургуулиас 1500 гаруй сурагч оролцож байна. Тамирчид шатар, 100 буудалт даам, тогызкумалах, ширээний теннис, үндэсний бөх, чөлөөт бөх, жүдо, сагс болон гар бөмбөгийн төрлөөр 195 багц медалийн төлөө хүч чадал, авьяас самбаагаа сорин өрсөлдөнө.

Спортын тэмцээнүүдийг бага онооны системээр хасагдах зарчмаар явуулж байгаа бөгөөд эхний байруудад шалгарсан хүүхдүүд ирэх намар Улаанбаатар хотноо болох Монголын хүүхдийн спортын VI наадамд оролцох эрх авах юм.

Хүүхдийн спортын наадам энэ сарын 26-ны өдөр өндөрлөнө. 

相关新闻