С.Оюунжаргал:Хэнтийд театрын урлагийн хөгжүүлэх боломж бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 12:56:39

Хөгжлийн түүчээ болсон Хэнтий нутгаа улам өргөжүүлэн хөгжүүлэх залуусын санал санаачлага цөөнгүй. Тэдний нэг Хэнтий нутгийн уугуул охин С.Оюунжаргалын хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлынх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Миний нутгийн ард түмэн тарган тавтай сайхан хаваржиж байгаа биз ээ.

 -Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?

-Би Хэнтий аймгийн уугуул. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд, одоо Ярих урлагийн магистраар суралцаж байна, удахгүй төгсөнө. Суралцах хугацаандаа СУИС-даа Ярих урлаг буюу Тайзны ярианы багшаар ажиллаж байгаа. Мөн нутаг усаа гэсэн сэтгэлтэй Хэнтий нутгийнхаа хэдэн сайхан залуучуудыг нэгтгэн “Хөгжлийн Төв Хэнтий” ТББ \ашгийн төлөө бус, нийгэмд үйлчлэх\ байгуулаад тэргүүнээр нь давхар ажиллаж байна.

-Хэнтий нутгийн залуус хэзээнээсээ урлаг спортоор улсдаа манлайлагчид нь байдаг. СУИС хэмээх их айлд суралцан төгсөгчид Хэнтийгээс олон байдаг биз?

-Мэдээж тэгэлгүй яахав. Манай нутгийн залуучууд СУИС-д жүжигчин болон найруулагч мэргэжлээр суралцаж байгаа, төгссөн миний мэдэхээр нийт 20-иод уран бүтээлчид байна. Тэд сургуулийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож бусдыгаа манлайлж байгааг харахад маш сайхан. Өнгөрсөн онд Москвагийн хамгийн том Урлагийн их сургууль ГИТИС-д Монголоос 3-5 хүн явсан, тэр дунд нь Манай Хэнтийн Ёндоншарав ах маань тэнцсэнд маш их баяртай байгаа. Монголдоо нэр бүхий мундаг том найруулагч Хэнтий нутгаас минь төрөн гарч байна гэсэн үг.

 -Хэнтий нутагтаа хийхээр зорьж буй ажлынхаа талаар товч мэдээлэл өгнө үү?

-Удахгүй шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхлэх АДБ-ийн “Хан Хэнтий” чуулгын нээлтийг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” түүхэн жүжгээр нээх хүсэлтэй ажиллаж байна. Лхагва ах маань ч өөрөө дэмжиж байгаа. Энэ жүжиг Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан Зохиолчдын дунд зарласан түүхэн жүжгийн том уралдаанд түрүүлж, УДЭТ-т 2-хон удаа тоглогдсон. Өөрөөр хэлбэл Монголын Чингис Хааны тухай өгүүлсэн хамгийн том түүхэн жүжиг гэдгээрээ онцлогтой. Хэнтийд тоглогдоход УДБЭТ-ын жүжигчин, СУИС багш та бидний сайн мэдэх МУСТА Л.Дэмидбаатар багш маань найруулагчаар ажиллах болно.

 -Театрын урлагийн онцлог нь юу байдаг вэ. Хэнтий аймагт театрын урлагийг хөгжүүлэх боломж хэр байх бол оо?

 Театрын урлагийг маш энгийнээр ойлгуулахад энэ бүх дуу, бүжиг, хөгжмийг нэг дор багтааж болдог. Өнөөгийн нийгэм, амьдралд болж буй бүхий л үнэн бодит үйл явдлуудыг тайзнаа сэтгэл хөдлөл, мэдрэмж гээд бүхий л нарийн нийлэмж холбоогоор үзэгчдэд хүргэдэг, тэдгээрийг шүүмжилдэг, сайшаадаг, ухааруулж ойлгуулдаг урлагийн нэг томоохон төрөл юм. Театрын урлагийг нутагтаа хөгжүүлэх боломж бий. Учир нь шинэ баригдаж байгаа чуулгад ганцхан дуу, хөгжим, бүжиг бус дээр нь театр анги нэмэх хэрэгтэй гэж бодож байна. Театр анги бий болгосноор нутгаасаа төрөн гарч буй Театрын залуу уран бүтээлчдийгээ нутагтаа ажлын байраар хангаж өгөх нэг сайхан үйл бий болох юм. Тэр дундаа нутгийн хүмүүсийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үзвэр нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад СУИС манай аймагт ирж элсэлт авдаг болох боломж нөхцөл бүрдэнэ гэж би хувьдаа бодож өнөөдөр хөдөлмөрлөж явна.

-Яагаад “Атга нөж” зохиолыг сонгосон бэ. Ямар ямар уран бүтээлчид хүрэлцэн ирж тоглох вэ?

 -“Чингис Хааны ” тухай түүхийг өгүүлсэн Монголын хамгийн том жүжиг. Эзэн Чингисийн өлгий нутаг болох Хэнтий аймаг маань аялал жуулчлалын бүс нутаг болно гэж зорилго тавьсан байна. Энэ зорилгод ч “Атга нөж” жүжиг холбогдол бүхий байх болно. Учир нь жуулчдад ардын урлагаа үзүүлэхээс гадна, “Чингис Хааныхаа” түүхийг харуулсан үзвэртэй байх хэрэгтэй шүү дээ. Хэнтий нутагт минь, Тэр хааныхаа түүхийг босгосон газар шороон дээр нь зайлшгүй тоглох ёстой гэж үзэж байгаа юм. Энэхүү бүтээлийг тоглосноороо миний нутгийн балчираасаа эхлээд буурай хүртэл Эзэн Хааныхаа түүхийг амьдаар нь үзэх боломжтойгоос гадна цаашид түүх соёлоо улам илүү судлах хүсэл эрмэлзлэлийг асааж өгөх оюуны асар том хөрөнгө оруулалт байх болно. Жүжигт Хэнтийн театрын мэргэжлээр суралцаж төгссөн уран бүтээлчид болон олны танил уран бүтээлчдийг урьж тоглуулах болно. Дүрийн сонголтыг найруулагч сонгох байх. Энэ жүжиг тоглогдвол олсон орлогоороо шинэ чуулгын байрны 5 өрөөг бүрэн тохижуулаад ЕБС-н дунд сургуулийн сурагчдад урлагийн олон төрлийн секц дугуйланг идэвхтэй хичээллүүлэх боломжийг олгож өгөх юм.

 -Энэ ажлыг зохион байгуулахад мэдээж санхүүгийн асуудал тулгарч байгаа байх. Үүнийг хэрхэн яаж шийдэж байгаа вэ?

-Мэдээж орон нутгаа хөгжүүлэх чин хүсэлтэй энгийн нэгэн залуучууд бидэнд тулгарч байгаа хамгийн том бэрхшээл бол санхүүгийн асуудал болоод байна. Бидний төслийн төлөвлөж буй санхүүгийн хэмжээ эдийн засгийн тооцоогоор бол 300 сая болоод байна. Энэ их хэмжээний мөнгө ч гэлээ бид хийж босгож чадна гэж итгэж байна. Жүжигчдийн байрлах байр, хоол ундны зардал, унаа тэрэг, шатахуун, зар сурталчилгаа гээд л бидэнд хэрэгтэй тусламж дэмжлэг их байна. Хэдэн залуус нийлээд ашиг сонирхол харахгүй нутгаа хөгжүүлэх сэтгэлээр, та бидний үр хүүхдүүд, дүү нарынхаа боловсролыг дэмжихээр ажиллаж байхад урам зориг өгч дэмжиж туслах байх. Тэр дундаа аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлүүд, боловсролын байгууллагынхан гээд нутаг орныхоо хөгжлийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хүн бүр, орон нутгаас гарч байгаа болон, гарсан УИХ-ын гишүүд, хувиараа бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж, албан байгууллагууд, эрхэм та бүхнийг тусалж дэмжинэ гэдэгт итгэлтэй байна

 -Таны цаашдын төлөвлөгөө юу вэ?

-Бидний эхлээд хийх ажил бол “Атга нөж ”түүхэн жүжгээ амжилттай сайн тавих, араас нь театрын анги байгуулж, Хэнтий аймгийнхаа шинэ залуу уран бүтээлчдэд ажлын байрыг нь нэмэгдүүлж хангаж өгөх, ЕБС-н хүүхдүүдийн соёл урлаг боловсролыг нь дэмжих зорилгоор бүрэн тохижилттой анги танхим бий болгох, Хэнтий аймгаасаа СУИС руу театрын студийн хүүхдүүдийг шалгаруулж явуулах, сургуулиудын урлаг соёлыг хариуцсан багш нарыг мэргэжлийн сургалттай СУИС, Хөгжим Бүжиг, Их Засаг гээд олон сургуультай хамтран ажиллаж туршлага солилцуулах гээд ар арын ажлуудын төлөвлөгөө бидэнд их байна.

-Хэнтийчүүддээ хандаж?    

-Хэнтий аймгийнхаа хөгжил цэцэглэлт , та бидний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нэг том алхам болж, театр байгуулах энэ сайхан төслийн ажлыг минь та бүхэн дэмжиж туслаарай. Миний нутгийн хүмүүс хэзээ ч бусдаас дутуу явах ёсгүй гэж боддог. Эрдэм ухаанаар ч тэр, ахуй амьдралаар ч тэр. Энэ бол хэсэг хүнд чиглэсэн биш нийт ард иргэд хүүхэд багачууд та бүхэнд нийтэд нь зориулсан хөрөнгө оруулалт юм гэдгийг дахин хэлмээр байна. Бусдын түрүүнд явж мэргэн ухаанаар олон гүрнийг байлдан дагуулж Төрт Монгол улсыг нэгтгэсэн Хаан эзэн шигээ Хаан суудалтай, бусдын манлайд явах тэргүүн заяатай ард түмэн бол “Хан Хэнтийчүүд бид” юм шүү.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

相关新闻