Мал эмнэлгийн салбарыг тойрсон олон чухал асуудлаар зөвлөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн тасаг, нэгжийн удирдлагууд, эмч, мэргэжилтнүүд, мал эмнэлгийн салбарыг тойрсон олон чухал асуудал хийгээд цаашид дэлхий нийтийн жишигт нийцсэн салбартай болохын тулд хэрхэн хамтарч ажиллах тухай зөвлөлджээ.
Мал
эмнэлгийн ерөнхий газраас чанартай, бас хүртээмжтэй мал эмнэлгийн үйлчилгээ бий
болгохын тулд 2019 оныг “Малчинд ойрхон мал эмнэлэг” зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа аж. Мөн салбарын хэмжээнд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд өнөөдөр төрийн
болон төрийн бус байгууллагууд малчиндаа илүү ойртсон үйлчилгээ үзүүлэхээс
гадна ёс зүйтэй мэргэжлийн байхыг шаардаж байгаа гэнэ. Тиймээс МЭЕГ-аас зохион байгуулж
байгаа энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар анхан шатны нэгжид ажиллаж байгаа эмч
мэргэжилтнүүдээ чадавхжуулахад анхаарч арга зүйн зөвлөгөө, мэдлэг мэдээллээр
хангахад гол зорилгоо чиглүүлжээ.
2018 онд УИХ-аар мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцийн тухай хууль батлагдан 6 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Харин энэ оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Монгол Улсад Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулж, аймгуудад мал эмнэлгийн газар, сумдад мал эмнэлгийн тасаг, нэгжүүд бий болж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Иймээс тус салбарынхан уулзаж, шинээр мөрдөж байгаа хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах, цаашид юун дээр анхаарах вэ гэдэг дээрээ онцлон ярилцсан байна.
Тус зөвлөлдөх уулзалтын үеэр МЭЕГ-ын
Хяналт, эрсдэл үнэлгээний газрын
дарга Б.Болдбаатар: ”Төрийн байгууллагын
түвшиндөө Мал эмнэлгийн ерөнхий газар, 22 аймгийн Мал эмнэлгийн газар, 332 сум, зургаан
дүүрэгт Мал эмнэлгийн тасаг гэсэн бүтэцтэй явж байна. Харин хувийн хэвшилд улсын хэмжээнд 1009 нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ жилээс
стандарттай ойртуулах үүднээс улсын байцаагч маань чиг үүргийнхээ хүрээнд
хяналт тавьж байх болсон. Жилд хоёр удаа бэлэн байдлыг шалгах хуудсаар түвшинг
нь тогтооно. Тэр түвшиндээ хүрч чадаж байна уу, зайлшгүй шаардлагатай багаж,
тоног төхөөрөмж нь байна уу, үгүй юу. Хэрвээ байхгүй бол тодорхой хугацаанд
худалдан авах, өөртөө бэлэн болгох хугацаа өгнө. Үнэхээр цаашаа явж чадахгүй
бол нэгжүүдтэй гэрээ хийх үйл ажиллагааг татгалзаж, бусад гэрээт нэгжийнхээ
малын эмч нартай хамтарч ажиллах боломжийг өгнө. Аль болох чадавхтай, мал
эмнэлгийн нэгжүүдийг бий болгоход чиглэсэн бодлогыг төрөөс баримтална” хэмээн
ярилаа.
Орхонтуул сумын “Сүргийн ундраа” Мал эмнэлгийн тасгийн малын эмч С.Эрдэнэ: ”Сэлэнгэ аймгийн 17 суманд 45 мал аж ахуйн хувийн нэгж байдаг, эдгээр нэгжүүд янз бүр байдаг. Тухайлбал манай Орхонтуул сум аймагтаа хамгийн их малтай. Манай мал эмнэлэг гэхэд 68 мянган мал, нөгөө мал эмнэлэг маань 63 мянган мал, бас нэг нь 57 мянган мал үзэх жишээтэй. Хамгийн их нь л манай гурван нэгж дээр байгаа болов уу гэж бодож байна. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалт дээр нэг эмч 40 мянган малын нормтой гэж ярьж байна. Тэгээд бодохоор манай суманд ахин нэг мал эмнэлгийн нэгж байх шаардлагатай юм байна гэж ойлголоо. Их сайхан сургалт боллоо” гэв.
Баянгол сумын Хөдөө аж ахуйн тасгийн малын эмч Х.Уянга: ”Өнөөдрийн энэ сургалт бидэнд
маш их үр өгөөжтэй сургалт боллоо. Хууль дүрэм сурталчлах ажлын хүрээнд малын
эмчийн хувьд малчиддаа маш сайн ойлгуулж, таниулж явдаг. Энэ удаа МЭЕГ-аас
хүмүүс ирж тодорхой хэмжээнд ялгаа заагийг нь гарган тайлбарлаж, ямар ямар үйл
ажиллагааг хэрхэн явуулах талаар маш тодорхой мэдээлэл өглөө” гэлээ.
Энэ сарын 12-ны өдөр аймгийн
төв Сүхбаатар хотноо болсон тус зөвлөлдөх уулзалтад Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны
100 орчим малын эмч, мэргэжилтнүүд оролцсон байна.