С.Саянцэцэг: Аавынхаа нэрэмжит уралдааныг шүүх нь том хариуцлага, нэр төрийн хэрэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-12 16:19:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУУГЗ, нэрт хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн 80 насны ойд зориулсан "Өсвөрийн төгөлдөр хуурчдын анхдугаар наадам" ирэх дөрөвдүгээр сарын нэгэнд болох гэж байна. Уг наадмын тухай түүний охин, төгөлдөр хуурч С.Саянцэцэгээс тодрууллаа. 

-Ч.Сангидоржийн нэрэмжит хөгжмийн наадмыг хэрхэн зохион байгуулахаар болов?

-Манай аавын мэндэлсний 80 насны ой энэ жил болох гэж байна. Энэ ойг угтаад нэгэн ёслол хүндэтгэлийн ажил хийе гэсэн хүсэлтийг минь Монгол Улсын Консерваторийн сургуулийн удирдлага, төгөлдөр хуурын тэнхмийнхэн сайхан хүлээн авч, тусалж дэмжин, хамтран хийхээр болсонд баяртай байна.

- Тө өөрөө төгөлдөр хуурын олон улсын тэмцээнд шавь нараа бэлтгэдэг, дэлхийн томоохон тайзнаа тоглодог хүн шүү дээ?

- Аав минь багаас намайг хөгжмийн их ертөнц рүү хөтөлсөн хүн л дээ. Бага байхад л ОХУ-ын хөгжмийн сургуульд явуулсан. Тиймээс багаасаа бие дааж амьдрах болсон. Хүссэн, хүсээгүй хөгжмийн замд өөрийн эрхгүй орчихсон. Хөгжим бүжгийн дунд сургууль дөнгөж төгсөх үед аав мань Соёлын яамнаас зөвшөөрөл авч орос руу сургуульд явуулсан. Түүнээс хойш төгөлдөр хуураас салсангүй. Орос болон Испанид олон жил ажиллаж амьдарлаа. Монголын олон авьяаслаг хүүхдэд төгөлдөр хуур зааж, Испани болон Олон улсын тэмцээнд хөтөлж явсан даа. Сүүлийн жилүүдэд эх орондоо ажиллаж амьдарч, тэр дундаа Монгол Улсын Консерваторийн сургуулийн Төгөлдөр хуурын тэнхимд багшилж байгаа. 

-Аавынхаа нэрэмжит тэмцээнийг анхлан хийж, шүүгчээр оролцох  нь сонин л байгаа байх?

-Өө, тэгэлгүй яахав. Олон улсын тэмцээнд шүүгчээр олон л оролцсон. Өөрөө ч олон тэмцээнд өрсөлдсөн. Шавь нараа ч олон улсын тайзанд өрсөлдүүлсэн. Саяхан гэхэд л Австри, ОХУ-д тоглолтоор яваад ирлээ. Яг өөрийнхөө аавын нэрэмжит тэмцээн анх удаа хийх гэж байгаа нь их чухал. Тэр дундаа шүүгчээр ажиллах нь том хариуцлага, нэр төрийн л хэрэг болоод байна.

-Аавын тань олон дуу нь ардын дуу мэт хоногшин үлдсэн дээ?

- "Зулай цагаан Алтай", "Монгол далай", "Миний ээж тэмээчин" гээд олны дуулдаг дуу нэлээд бий. Аав маань Багшийн сургуулийн хөгжмийн ангид суралцаж байхдаа хуучны ЗХУ-ын Казахстаны Алма-Атын хөгжмийн дээд сургуульд суралцаад  хөгжмийн зохиолчоор мэргэшин төгссөн. Нийтэд түгсэн 500 гаруй дуутай. Сонгодог хөгжмийн бүх төрлөөр бичсэн. Төгөлдөр хуурын сонет, морин хийлийн сонет, төгөлдөр, морин хийлийн гурвал, романс, ротари...гээд бүх төрлөөр бүтээлээ туурвисан. Дууриас л бусад, бүгдийг нь бичиж үлдээжээ. Тиймээс би өөрийнхөө сайн мэддэг төгөлдөр хуурын авьяастай хүүхдүүдийн дунд анхдугаар тэмцээн хийхээр бэлтгэж байна. 

- Хамтран ажиллах байгууллагуудаасаа нэрлэвэл...?

- Аав минь их нийтэч, хаа яваа газраа инээд хөгжилтэй, олон ч найзтай байсан хүн юм байна. Энэ тоглолтыг санаачлахад шууд л хамтарья, нийлье гэсэн хүмүүс, байгууллага гараад ирсэнд баяртай байна. Юуны өмнө, Монгол Улсын Консерваторийн сургууль, Монголын Хөгжмийн зохиолчдын холбоо, МҮОНТВ, БСШУСЯ...гээд дэмжигч, ивээгч байгууллага, хүмүүст талархаж байгаагаа хэлье. 

-Уралдаанд зөвхөн төгөлдөр хуур сонирхогч, суралцагч хүүхэд оролцох уу?

- Анхдугаар уралдаан учраас их том хариуцлага оногдож байгаа. Тиймээс эхний удаад зөвхөн төгөлдөр хуураар суралцаж байгаа хоёр, гурав, дөрөвдүгээр ангийн сурагчид л оролцоно.

-За баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье.

-Баярлалаа.




相关新闻