Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд 130 гаруй төлөөлөл оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-18 15:04:20

Монголын Аялал жуулчлалын холбоо (МАЖХ) -ноос 17 дахь жилдээ “ITM 2016” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг "Мишээл" экспогийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 25-27- нд зохион байгуулна.

Үзэсгэлэнд хойд, урд хоёр хөршийн зочид буудал, жуулчны бааз, тээврийн үйлчилгээ эрхлэгч зэрэг бизнес эрхлэгч байгууллагын 130 гаруй төлөөлөл оролцож, харилцан туршлага солилцох юм. Мөн орон нутгийн төлөөллүүд шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээгээ танилцуулахаас гадна түншлэлийн гэрээ хийх, гадаад дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжтой.

МАЖХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Барсболд, “Энэ салбарын өсөлт хөгжил удаан байгаа нь зар сурталчилгаа сайн хийхгүй байгаатай холбоотой. Хоёрдугаарт, гадны орны агаарын болон зам тээврийн зорчигчдыг авчрах боломж хомс байна. Нэг улс руу нислэг үйлддэг болоход тухайн улсаас ирэх жуулчдын тоо жилд 2 дахин нэмэгддэг. Тиймээс гадаад сурталчилгаагаа өргөжүүлэх, нөгөөтэйгүүр агаарын тээврийн боломжуудыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна” гэв. 

Гурван хоног үргэлжлэх уг үзэсгэлэн нь эхний өдөр хаалттай хэлбэрээр зөвхөн мандаттай оролцогчид оролцоно. Дараагийн хоёр өдөр нийтэд нээлттэй байх гэнэ. Түүнчлэн аялал жуулчлал, хэлний чиглэлээр их дээд сургууль төгссөн, суралцаж байгаа оюутан, хөтөч тайлбарлагч, жолооч, тогооч болон тус чиглэлийн байгууллагууд хамтарч ажиллахаар бүртгүүлж болох аж.

Э.Бат-Уянга

相关新闻