М.Мөнхнаран: Иргэд НӨАТ-ын баримтаа бүртгэхгүй байгаагаас азтан тодрох магадлал багасч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙНӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд иргэд төлсөн НӨАТ-ынхаа 2 хувийг буцаан авах, 100 сая төгрөгийн сантай сугалаанд сар бүр оролцох боломж бүрдэж байгаа.Ийнхүү НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хонжворт сугалаа орон даяар эхлээд байгаа юм. Бид тус хуулийн хэрэгжилтийн талаар аймгийн Татварын хэлтсийн дарга М.Мөнхнарангаас зарим зүйлийг тодрууллаа.
-НӨАТ-ийн хуулийн хэрэгжилтийг Хэнтий аймгийн Татварын хэлтэс хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байна вэ?
-Татварын Ерөнхий Газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу бизнес эрхлэгч 2397 аж ахуйн нэгж, иргэнд хуулийг даган мөрдөх, даган мөрдөөгүй тохиолдолд хүлээх хуулийн хариуцлагын талаар тусган анхааруулсан мэдэгдэл, шаардлагыг 2015 оны 12 дугаар сарын 26 наас 2016 оны 01 дүгээр сард гардуулсан. Мөн худалдаа үйлчилгээ явуулж байгаа томоохон ААН-ийн захирлуудыг Татварын Хэлтэст урьж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Татвар төлөгчдөд үйлчлэх тасгийн татварын улсын байцаагч нар сургалт явуулсан. Сургалт сурталчилгааны 180 ширхэг плакатыг аймгийн төвийн томоохон худалдааны төв, зах, дэлгүүрүүдэд байршуулж, 2700 орчим гарын авлагыг бэлтгэн иргэд, ААНБ, төсөвт байгууллагуудын албан хаагчдад тараасан. Гааль, Татварын Ерөнхий Газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан захирамж, тушаалыг жишиг болгон Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02 ны өдрийн А/47 дугаар захирамж гаргуулан хуулийн хэрэгжилтийг хангах 1 сарын ажил зохион байгуулсан. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу сумдад томилогдсон ажлын хэсэгт аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн Сангийн Хэлтэс, Хөгжлийн Бодлогын Хэлтэс, аймгийн Цагдаагийн Газар, Мэргэжлийн Хяналтын Газар, сумдын ЗДТГ-ын албан хаагчид оролцож, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллав. Татварын Хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 22 ны өдрийн 1/65 албан тоотоор бүх хуулийн этгээдийн дарга, захирал, эрхлэгчдэд НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, аж ахуйн нэгж, байгууллага иргэнд орлого олгохдоо НӨАТ-ын урамшууллын системийн төлбөрийн баримт авах, тухайн баримт нь ямар шаардлага хангасан байхыг зурган байдлаар баримтыг тоотонд тусган, тодорхой тайлбарлаж анхааруулж ажиллассан. 2016 оны 02 дугаар сарын 29 ний өдөр зохион байгуулагдсан Хэнтий аймгийн бизнес эрхлэгчдийн зөвлөгөөнд Татварын Хэлтсээс НӨАТ-ын тухай хууль, хэрэгжилтийн талаар илтгэл тавьж. Аймгийн төвийн хөдөлгөөн ихтэй гол зам дагуу байрлуулсан Татварын Хэлтсийн сурталчилгааны самбарыг НӨАТ-ын урамшууллын тухай плакатаар шинэчлэх зэрэг ажлуудыг хийгээд байна.
-Хэнтий аймагт хичнээн хүн www.ebarimt.mn рүү бүртгүүлээд байгаа вэ? Эдгээр хүмүүс 2%-ийн урамшуулалаа хэзээнээс авах вэ?
-Яг хэдэн иргэн ebarimt.mn сайтад бүртгүүлсэн тоог бид шууд харах боломжгүй. ГТЕГ-ын дэргэдэх НӨАТ-ын урамшууллын төслийн нэгжээс тодруулж болох юм. Бидний тооцоогоор 300 гаруй иргэн идэвхитэй хэрэглэгч болоод байна.
-Интернэт хэрэглэдэггүй иргэд малчид олон бий. Тэд яах вэ?
-НӨАТ-ын урамшууллын системд хамрагдах, сугалаанд оролцож азтан болохын тулд иргэд тухайн системд бүртгүүлэх, нэвтрэх кодыг татварын албанаас авах ёстой. Гэтэл татварын албанаас кодоо авч, хэрэглэгчийн эрхээ үүсгэхгүй, цаашилбал баримтаа системд бүртгэхгүй яваад байвал тэр иргэн хуулиар олгож буй урамшуулал, боломжийг ашиглаж чадахгүй гэсэн үг. Монгол улсын иргэн бүр техник тохнологи хөгжсөн өнөө цагт интернет ашиглаж чаддаг, технологийн дэвшилд суралцдаг байх хэрэгтэй. Мэдэхгүй, чадахгүй зүйл байвал татварын албаны ажилтнууд өөрсдийн ажил үүргийн хүрээнд тусламж зөвлөгөөг өгч байгаа гэдгийг хэлье.
- Кассын машингүй, авахгүй байгаа аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцож байгаа вэ?
-Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл.Татвар төлөгчийн үүрэг хэсгийн 18.1.8 заалтанд стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх тухай заасан байгаа. Кассын машингүй, авахгүй байгаа, өөрөөр хэлбэл иргэдэд НӨАТ-ын урамшууллын системийн төлбөрийн баримт өгөхгүй байгаа НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжид Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.1 заалтын дагуу тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувиар торгууль ногдуулна. Мөн кассын машин байхгүй, авахгүй байгаа, иргэдэд НӨАТ-ын урамшууллын системийн төлбөрийн баримт өгөхгүй байгаа аж ахуйн нэгж, иргэнийг НӨАТ суутган төлөгч эсэхээс үл хамааран Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1 заалтын дагуу хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага ногдуулахаар заасан байгаа.
-Аймаг сумдын хэмжээнд хичнээн аж ахуй нэгж, байгууллагууд кассын машинаар үйлчилж байгаа вэ?
-Аймгийн хэмжээнд 300-аад аж ахуйн нэгж кассын машин болон хэвлэх төхөөрөмжийг ашиглан урамшууллын талон олгож байгаа.
-НӨАТ-ын тохирлоор Хэнтий аймагт хичнээн хүн хэдэн төгрөгний азтанаар шалгарсан бэ?
-Өнөөдрийн байдлаар манай аймгаас 187 иргэн НӨАТ-ын сугалааны тохирлын азтан болоод байна. Эдгээр иргэдээс 500.0 мянган төгрөгийг 2 иргэн хожсон нь одоогийн байдлаар хамгийн өндөр дүн юм.
- Сугалаанд хожсон азтануудын сугалааны тохирлоор хожсон урамшууллыг хэзээнээс олгож эхлэх вэ?
-Сугалааны тохирлыг 2016 оны 01 дүгээр сарын 17 ны өдрөөс эхлэн явуулж, хожсон урамшууллыг олгож эхэлсэн. НӨАТ төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журамд зааснаар ажлын 20 хоногийн дотор урамшууллыг олгоно. Хонжворын дүнгээс шалтгаалан 500.0 мянган төгрөг хүртэлх дүнтэй урамшууллыг иргэний цахим системд бүртгэгдсэн дансаар шууд шилжүүлэх бөгөөд 500.0 мянга болон түүнээс дээш дүнтэй хонжворт иргэн өөрийн биеэр харьяалагдах татварын албан биечлэн очиж, маягтын дагуу хүсэлт гаргах зэргээр тодорхой хугацаа шаардана. Анхаарах асуудал бол иргэд НӨАТ-ын сугалааны код бүхий баримтаа шаардаж авахгүй, урамшууллын цахим системд баримтаа бүртгэхгүй байгаагаас азтан тодрох магадлал багасч харьцангуй цөөхөн иргэд азтанаар шалгарч байна.
-НӨАТ-ын баримтаа бүргүүлснээр тухайн иргэн, өрхийн орлогын хэмжээг тогтоож, улсаас өгч буй халамж тэтгэмжээс хасах юм гэж хүмүүс ярьж байна үнэн үү?
-2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр баталсан НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 17 дугаар зүйлийн 17.7 заалтанд төлбөрийн баримтын мэдээлэлтэй зөвхөн татварын алба, статистикийн алба, тухайн мэдээллийг боловсруулж буй программ хангамжийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдээс бусад этгээд танилцах эрхгүй бөгөөд задруулахыг хориглоно гэж заасан. НӨАТ-ын урамшууллын цахим системд бүртгэгдсэн иргэдийн орлого, төлбөртэй холбоотойгоор улсаас өгч буй халамж тэтгэмжээс хасах, ямар нэгэн татварын дарамт шалгалттай холбоотой асуудал байхгүй. Хуулийн гол зорилго нь далд эдийн засгийг ил болгох, үүнд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх зорилготой юм.
О.Буянхишиг