Албан тушаалтны тайланг иргэдээр хэлэлцүүлэн дүгнэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Монголын медиа корпораци”-аас санаачлан Нэг Монгол ТББ, Монголын зөвлөлдөх ардчиллын хүрээлэнтэй хамтран орон даяар “Ардын үг” зөвлөлдөх аяныг өрнүүлэхээр зэхэж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Ардын үг” зөвлөлдөх аяны зорилго нь тухайн орон нутагт тулгамдсан асуудлыг иргэдийн хэлэлцүүлэг, зөвлөлдөх санал асуулгаар тодруулах болон сонгуулийн хууль бусад хууль тогтоомжийн хүрээнд орон нутгийн сонгогдсон, томилогдсон албан тушаалтнуудын тайланг иргэдээр хэлэлцүүлэн үнэлүүлэх зэрэг юм. Аяныг хэрэгжүүлэхдээ 21 аймгаас түүврээр сонгож, зөвлөлдөх санал асуулгыг явуулах аж.
"Монголын медиа корпораци"-ийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш “Энэ асуулгад тухайн орон нутгийн иргэдийг хүн ам зүй, нас, нийгмийн байдлын хувьд бүрэн төлөөлж чадах санамсаргүй түүврээр сонгогдсон 400 хүртэлх иргэн оролцоно. Энэхүү 400 гэдэг тоо нь социалогийн аргачлалаар 15 мянгаас дээш хүн амыг бүрэн төлөөлж чадах түүвэр ба 95 хувийн итгэлцэлтэй, таван хувийн алдааны магадлалтай үр дүн юм. Түүвэрт сонгогдсон нийт өрхийн 18-аас дээш буюу сонгуулийн насны иргэдээс Киш гридийн аргыг ашиглан түүврийг бүрдүүлэх бөгөөд сонгогдсон иргэн “Ардын эксперт” болж зөвлөлдөх санал асуулгын үеэр нутгийн удирдлагуудын тайланг сонсож, жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцэнэ. Үүний дараа тайлан тавьсан албан тушаалтан болон эсрэг санаа бодол бүхий нийгмийн бүлэглэлүүдээс асуулт тодруулга авсны дараа нууц санал хураалтаар үнэлэлт, дүгнэлтийг гаргах юм" гэв.
Зөвлөлдөх ардчиллын үнэ цэнэ нь аливаа бодлогод олон нийтийн санаа бодол тусч, зөв шийдэл гаргах, иргэдийг зөв мэдээлэл, мэдлэгээр цэнэглэхэд оршдог байна.
С.Сайнзаяа